Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, ногоон байгууламжийн хорооны гишүүд өнөөдөр Нийслэлийн байгаль орчны газарт ажиллалаа.
Тус газар нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, газар, газрын хэвлийг хамгаалах, зохистой ашиглах зэрэг салбарын бодлого, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд ажиллаж байна. Мөн ой, усны нөөцийг хамгаалах, нийслэлийн хөрсний бохирдол доройтлыг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах, зуслан ногоон бүсийг хамгаалах, иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хүлээдэг юм. Эдгээр чиг үүргээ нийслэлийн нутаг дэвсгэрт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх танилцуулгыг тус газрын дарга М.Нямбаяр хийв. Нийслэлийн хэмжээнд 227 булаг, 19 рашаан, 91 гол горхи, 38 нуур цөөрөм бий бөгөөд хашиж хамгаалах шаардлагатай 119 булаг бий аж. Үүнээс өнөөдрийн байдлаар 41 булгийн эхийг хамгаалалтад авчээ. Энэ онд багтаад шаардлагатай булгийн эхийг хамгаалалтад авахаар төлөвлөсөн. Улмаар эдгээр булаг орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шаардлага бийг онцолсон юм. Түүнээс гадна усны нөөцийг хамгаалахын тулд ус хангамжийн эх үүсвэр, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дэх газар олголтыг бууруулж, хамгаалалтын бүс дэх хөрс, усны бохирдлыг бууруулах нь тулгамдсан асуудал болоод буйг хэллээ.
Ойг нөхөн сэргээх ажлыг хийж байна
Нийслэл хот нь нийт 470,444 га нутаг дэвсгэртэй бөгөөд 117 мянга гаруй нь ойн сан бүхий талбай эзэлж байна. 2016 оноос хойш улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 779 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулжээ. Харин энэ онд 240 га талбайг нөхөн сэргээхээр ажиллаж байна.
Энэ зун хүр хорхойн идэвхжилтэй үе тохионо
Ойн хөнөөлт шавжийн тархалтын судалгааг тус газраас хийдэг бөгөөд 2021 онд 3200 гаруй га талбайд дээрх ажлыг хийж гүйцэтгэжээ. Харин энэ жил хүр хорхойн идэвхтэй үе тохиохыг албаны хүн онцоллоо. Түүнээс гадна ойн түймрээс сэргийлэх шороон зурвасыг бий болгох зорилгоор нийт 3 байршилд уг зурвасыг шинэчлэн сэргээгээд байна.
Налайх дүүрэгт эзгүй орхигдсон 300 га талбайг нөхөн сэргээнэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг аж ахуйн нэгжийн болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийдэг. 2017 оноос хойш 474,24 га талбайд уг ажлыг хийж гүйцэтгэжээ. Одоогоор Налайх дүүрэгт нөхөн сэргээх шаардлагатай, эвдэрсэн, эзгүй орхигдсон 300 га газрын асуудал бий. Үүний 60 га-д нийслэлийн төсвөөр нөхөн сэргээлт хийх бол, 240 га-д БОАЖЯ, Койка байгууллагатай хамтран нөхөн сэргээхээр болжээ. Одоогоор КОЙКА байгууллагад ажлын даалгаврыг өгөөд аваад байгаа аж.
Хөрсний бохирдлыг үүсгэж буй гол шалтгаан нь нүхэн жорлон
Тус газар нь бүтэц зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулсан байна.
Хөрсний бохирдлын судалгаагаар нийслэлийн нийт хөрсний 4.1 хувь нь сул, 25 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон байна. Улаанбаатар хотын 120 гаруй цэгээс дээж авахад 88 хувь нь нян, хөгц мөөгөнцөр илэрчээ. Мөн хэсэг газарт аммонийн бохирдол 10 дахин их байгаа аж. Хөрсний элэгдлээс хамгаалах зорилгоор 2020 оноос хойш нийслэлийн нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг гурван жилийн хугацаагаар хориглоод байгаа юм. Ийн нийслэлийн хөрс бохирдож буй гол шалтгаан нь нүхэн жорлон, хот доторх техникийн захууд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд гэдгийг тус газрын мэргэжилтэн хэлсэн. Тиймээс хөрс хамгаалах, дэд бүтцийн цогц шийдэл, хог дахин боловсруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлага бий болжээ.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “…байгаль орчны доройтол бий болж байгаа шалтгаан нөхцөлийн талаарх зовлон бэрхшээлийг олон жил сонсож байна. Гэвч байгалийн доройтол биднийг хүлээхгүй. Тэгэхээр ямар арга замаар ажлаа урагшлуулах талаар гарц гаргалгаа, шийдэл байна уу” гэдгийг тодрууллаа. Харин төлөөлөгч Д.Гантулга нийслэлийн ногоон бүсэд хийж буй ойн цэвэрлэгээтэй холбоотойгоор албаны эх сурвалжаас тодруулсан бол Т.Батцогт иргэд хашаандаа мод тарьж ургуулахтай холбоотой журам хэрэгжиж байгаа эсэхийг лавлав. Мод тарьсан иргэдийг урамшуулах хөшүүрэггүйгээр Монгол Улс НҮБ-ын индэр дээр зарласан “Нэг тэрбум” мод үндэсний хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж чадахгүй гэдгийг тэрбээр тодотгосон юм. Мөн төлөөлөгч Л.Ариунтуяа нийслэлийн хөрсний усыг хамгаалах зорилгоор тус газраас гүйцэтгэсэн ажил, хэрэгжүүлэх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг төлөөлөгчдөд танилцуулахыг сануулав.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ