Хиймэл оюуны технологи ирээдүйд 300 сая ажлын байртай тэнцэх ажил үүргийг гүйцэтгэдэг болох тооцоог Голдмэн Сакс хөрөнгө оруулалтын банк гаргажээ.
Гэхдээ үүнийг бас шинэ төрлийн ажлын байрууд бий болгох, бүтээмжийг өсгөх сайн талтай гэж тус банкнаас гаргасан шинэ судалгааны тайланд өгүүлсэн байна.
Ингэхдээ салбар бүрийн ажлын байрыг харилцан адилгүй хувь хэмжээгээр орлон гүйцэтгэх тооцоо гаргажээ.
Тухайлбал, байгууллагын захиргааны чиг үүргийн 46 хувь, хуулийн мэргэжлийн чиг үүргийн 44 хувийг хиймэл оюун орлох боломжтой бол барилгын салбарт 6, засвар үйлчилгээний салбарт дөнгөж 4 хувь байх гэнэ.
Гэхдээ хиймэл оюун хүмүүсээс ажлын байрыг шууд булаах эсэх тал дээр судлаачид эргэлзсэн байр суурьтай байна.
Тухайлбал Оксфордын их сургуулийн Оксфорд Мартин сургуулийн ирээдүй судлаач Карл Бенедикт Фрэй “Яг хэчнээн ажлын байрыг ChatGPT хэлбэрийн хиймэл оюуны систем бүрэн эзлэх талаар мэдэх боломж одоогоор алга” гэж ярьжээ.
“Жишээлбэл ChatGPT өнөөдөр бичих дундаж чадвартай хүнд сайн эсээ, нийтлэл бичих боломж олгож байна. Тиймээс энэ систем сэтгүүлчидтэй өрсөлдөж, тэдний хөдөлмөрийн үнэлгээг бууруулж болзошгүй. Үүнийг Uber-тэй зүйрлэж болно. Лондон хотын гудамжнуудыг сайн мэддэг байх нь ач холбогдолгүй болж, үр дүнд нь туршлагатай жолоочдын үнэлгээ буурсан. Бидний судалгаагаар тэдний орлого 10 хувиар буураад байгаа. Өөрөөр хэлбэл жолоочийн тоо буураагүй, харин тэдний цалин орлого буурсан. Ойрын хэдэн жилийн хугацаанд generative AI төрлийн систем оюуны бүтээлч салбарт үүнтэй төстэй нөлөө үзүүлэх байх” гэж тэр тайлбарласан юм.
1980-аад оноос хойш гарсан технологийн дэвшлүүд цоо шинэ ажлын байруудыг нэмж үүсгэхээсээ илүүтэй хүмүүсийн ажил үүргийг сольж өөрчилсөн тухай зарим судалгаанд бичсэн байдаг.
Тиймээс хиймэл оюуны систем хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэлтэд яаж нөлөөлөх тухай асуудал бүрхэг хэвээр байна.
“Технологи цаашдаа яаж хөгжих, компаниуд технологийг ажил үүрэгтээ яаж нэвтрүүлж ашиглах талаар бидэнд ямар ч төсөөлөл алга. Хиймэл оюун биднийг хэрхэн ажилгүй болгоход зөвхөн анхаарахаас гадна бидний бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлж, амьдралын чанар стандартыг сайжруулж болох талаар бодох хэрэгтэй болж байна” гэж Resolution Foundation судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал Торстен Бэлл ярьжээ.