УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуулийг 89.8 хувийн саналаар батлав.
Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор гаргаж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг чуулганаар баталсан тохиолдолд чөлөөлнө” гэсэн заалт тусгасан байна. Мөн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр тусгасан байна.
УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт УИХ-ын даргын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох таван үндэслэлийг заасан байдаг. Үүнд, нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан, хүндээр өвчилсний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг чуулганаар хүлээн авсан эсхүл гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд бүрэн эрхийг дуусгавар болохоор заасан юм. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг баталснаар УИХ-ын даргын бүрэн эрх дуусгавар болох зургаа дахь үндэслэлийг хуульчилж буй юм.
Хуулийг энэ сарын 25-наас мөрдөж эхлэнэ.