“Хар модон дунд, халиун халтар бугын урамдааныг сонсож өслөө” гэхээр “Энэ нөхөр ёстой тууж байна даа. Говь-Алтайд ямар юмных нь хар мод, буга байхав. Заг, гүрвэл л бий дэг” гэсэн аятай хардаг нь хааяа таардаг шүү.
Төрж, өссөн Хантайширийн нуруу маань хад асга нь сүүдэртэж, хар модод нь сүүхийж, харз ус нь бургилж, харлаг тэх нь дүүлэлдэж, халиун буга нь дэрхийлцсэн л нутагсан. Миний багад буга элбэг байж. Ямар сайндаа орой үхэртэй хамт хотны захаар орж ирсэн 10-аад буга харчихаад ээж, “Энэ хэний үхэр хүрээд ирэв?” гэж асууж байсансан. Хүн амьтнаас үргэж, хулжина гэж үгүй. Арга ч үгүй. Нутгийнхан буга руугаа буу шагайх нь бүү хэл харуулахаас цээрлэдэг байв. Нэг удаа Ханангийн модны эхээр аав бид хоёр хэдэн тэх харчихаад гэтэж явтал өмнө явсан аав гэнэтхэн барьж явсан буугаа ардаа бариад “Номхон” команд авсан цэрэг шиг гозойтол зогсчихов. Гэтэл аавын цаанаас илээ дагуулсан хэдэн согоо гараад ирдэг юм. Үүдэн хоймроос жаахан л зайтай. Нялх ил хошуугаа шөмбөлзүүлэн аавын өөдөөс нэг хоёр гишгэж билээ. Хэдий аав буугаа нуусан ч муу хөл нь майрийгаад, дундуур нь бууны гол төмөр онгойж л байсан байх даа. Ингэж л бугаа эрхэмлэдэг, эрхлүүлдэг ард зон байв. Хонинд явахад хэрвээ залхуурахгүй бол хэд хэдээр нь бугын эвэр мөрөн дээрээ тохоод ирнэ. Түлээний дэргэд арзайтал овоолчихно. “Хээрийн юмыг хээрт нь байлгахгүй, яах нь вэ?” гэж ээж үглэнэ. Аав “Цах, хутганы иш ч болсон хийе, байж л байг” гэнэ. Цах хийхэд их тохиромжтой. Олон ч хутгыг бугын эврээр ишилсэн дээ. Цэвэрхэн, дэгжин болдог. Сийлэхэд амаргүй ч, сийлбэр нь сайхан.
Жилээс жилд Хантайширийн маань энэхүү дэгжин, сүрлэг амьтад цөөрсөөр. Зах зээлийн шуурганд бараг дуусахаа алдав. Юун хотны захад хонь, үхэртэй нийлж бэлчих, одоо үзэхүйеэ бэрх болжээ. Хүн хараад чөтгөр шулам харсан мэт тоосруулан зугтана. Хүйтэн зэвсгээ нуудаг байсан цаг үе өнгөрч, хүйтэн сэтгэлээр идэж уух, олж завшихийг эрхэмлэдэг болсонд маань өгч буй тэдний хариу тэр ажээ.
Эртний их түүхт, ихэс дээдсийн онго шүтлэгийг нуруундаа тээж, нууцлан нандигнасан Хантайширийн нурууны халиун халтар буган сүрэг хэдэн зуугаас хэдхэн арав болтлоо хорогдож, хөл хөс ихэссэнээс хэдэн уул, нуруу дамнан, гол ус гатлан гүйдэг гүйдэл нь ч хоригдон, цус ойртож, мөхөх аюулд ойртоод байв.
Нутаг оронд гайхаж алмайрсан, хий хоосон халаглаж шогширсон нь олон. Яах учраа мэдэхгүй суух нь ихэнхдээ. Гэтэл гэнэтхэн өвөрмөц содон санаачилга төрөв. Хантайширийн нуруунд төрсөн олон алдартнуудын нэг, ардын билэг зүй судлаач, зохиолч, Монголын анхны сөнөөгч онгоцны нисгэгчдийн нэг Д.Сүрьяа агны үр хойчис болох А.Эрдэнэбилэг санаачилан, Алтай хотын I арван жилийн 1994 оны төгсөлтийн хэсэг залуус сэтгэл нийлэн дэмжиж, Хантайширийн нурууны буган сүрэг өсгөх, цус сэлбэх ажил эхлүүлэв. Ажлаа эхлүүлэхдээ Алтай халиун буга ТББ байгуулав. Байгууллагынхаа тэргүүнээр Барсболдоо зүтгүүлэв.
Энэ ажил нь Төв аймгийн Хустайн нуруунаас нялх илүүд зөөн, Хантайширт хүргээд, түүнээ зун, намар, өвөл, хаврын турш тэжээж, бие даан амьдрах чадвар суусан хоёр настай жий болгоод онгон байгалд нь суллан тавих ажил юм. Ажил гэхээс илүүгээр үйлс гэвэл зохилтой. Сайн санааны сэдлээр эхэлж, олон түмэнд, зөвхөн нутаг орныхон төдийгүй монгол орон даяараа бодитой, үр ашигтай сайн үйлсийн аяны уриа, санаа болсон, багагүй хүч, хөдөлмөр, хөрөнгө мөнгө, сэтгэл зүтгэл гаргаж буй учраас үйлс мөн болой. Хөрөнгө мөнгө л гэхэд өнөөгийн байдлаар 300 орчим сая төгрөг зарцуулжээ. Өөрсдийнхөө амь амьжиргааныхаа зардлаас хасаж танаж байж илүүчилсэн нь ихэнхдээ. Бас тэдний энэ үйлсийг ойлгож, дэмжсэн халуун сэтгэлт хүмүүсийн оролцоо дэмжлэг их. Ийм шууд мөнгөн дүнгээс гадна зарцуулж буй цаг хугацаа, хөдөлмөр ихээ. Хамгийн их үнэ цэнэтэй нь энэ үйлдээ зориулж буй халуун сэтгэл, итгэл нь юм.
Харахад хэдэн ил барьж аваачаад л тавьчих мэт санагдах ч яг үнэндээ бүхэл бүтэн цогц, бас тасралтгүй ажил үйл болно. Хаанаас ямар ил барихаас авхуулаад, түүнийг гаршуулан дасгах, тусгай төхөөрөмжилсөн машинаар зөөвөрлөх, Хантайширийн нуруунд хаана хэрхэн байршуулах, хэдэн га газрыг багтаасан сэлгэх боломжтой хашаа, хороо барих, эхээсээ салсан хэдэн нялх илээ хахир хатуу өвлөөр онд мэнд оруулах, тэжээх, угжих, өвс, тэжээл татах, зунд нь услах, эмнэх, судалгаа хийх гээд бөөн ажил. Залуус одоо “Бид ч бараг малын эмч болцгоочихлоо доо” хэмээн хошигноно. Оргүй ч биш. Түрүү жилийн хэдэн илээс хоёр нь үл мэдэгдэх халдварт өвчинд өртөж, онош, эмчилгээг нь олох гэж бүхий л талаар үзсээр яваад тэр талын тун сүрхий мэдлэгтэй болцгоогоод авч. Ямар вирус, хачигаар халдварладаг, яагаад халдварладаг, яаж эмчилдэг, хэрхэн урьдчилан сэргийлдэг, дархлаа тогтоодог гээд л…
Ил бүхэн өөрийн нэртэй. Бэмби, Коко гээд л. Би хүртэл нэгд нь нэр өгсөн. Уг хэдэн илийг тэжээж буй газраас холгүй Мөрөн нэртэй хавцгай байдаг юм. Хуучин цагт Мөрөнгийн ус явган хүнд гаталга өгдөггүй байсан гэдэг. Тэр их усны нэрийг нэг эр илд өгсөн юм. Учир нь нутаг орных нь эзэн савдаг сайхан хүлээж аваг ээ хэмээн бэлгэдсэн санаатай.
Хустайн нурууны Байгалын цогцолбор газрын хамт олон, Говь-Алтай аймгийн захиргааны нэр бүхий зарим албан тушаалтнууд, доктор Доржраа гээд энэ үйлд нь сайн дураараа тусалдаг хүмүүс олон. Бугын илийг хоёр дахь жилдээ маллан адгуулж буй У.Насанбат, түүний гэргий Б.Энхмаа нар сая Сар шинийн босгон дээр Аймгийн хөдөлмөрийн аваргууд болсон.
Гуравдахь жилдээ ороод буй энэ ажлын үр дүнд одоо Хустайгаас анхалж очсон 9 ил, өнөө гурван настай гунхсан сайхан амьтад болчихоод, Хантайширийн энгэр бэлд эрхэлж яваа. Зарим нь хад бартаа бараадна, зарим нь нутгийн архаг бугуудтай нийлчихсэн, нэг нь өөрийгөө үхэр сүргийн нэг гээд итгэчихсэн мэт айлын үхэр дагаад гүйгээд байгаа. Бас нэг нь хуучин хашаагаараа эргэлдэж, дүү нараа сургасан шиг, хааяа айлын үүдээр шагайж, боов боорцог нэхсэн шиг явна. Шинэ очсоноос 9 ил онд мэнд орж байна.
Энэ төслийн эцэст юутай ч нутгийн уугуул сүрэг 30 гаруй шинэ бугаар цусаа сэлбэнэ. Нутгийн зон олонд төдийгүй орон даяар байгалаа хамгаалахын үнэ цэнийг сурталчилж, бас хэрхэн хийж, бүтээж болдгийг үлгэрлэнэ. За, судалгаа мониторинг хийх, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх гэх мэт бусад дагалдах зүйл бий байх.
Ер нь ганц Хантайширийнх гэлтгүй Монгол орны буган сүрэгт ч түгшүүрийн харанга хэдийнэ дэлдээд эхэлчихсэн байгаа. 1980 онд 140 000 -аар тоологддог байсан халиун буга, өнөө 10 000 гаруйхан үлджээ. 14 буганаас 1-нь л үлдсэн гэсэн үг. Тиймээс Хантайширт бугын сүргийг өсгөж буй үйлс нь зөвхөн орон нутгаар хязгаарлагдахгүй юм.
Энэхүү үйлсийг олон нийтэд хүргэх амаргүй ажлыг “ХХХ зуун” продакшны найруулагч Р.Сэлэнгэсайхан санаачлан бугын төл барих, тэжээн маллах, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг сонирхолтойгоор харуулсан “Бугын хүүхдүүд” нэртэй баримтат кино бүтээжээ. Уг бүтээл олон улсын “Загасан нүд” кино фестивальд амжилттай оролцсон бөгөөд монголынхоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон байна. Өчигдөр буюу 2019 оны 3 сарын 2-нд уг баримтат киноны нээлт болон “Алтайн халиун буга” ТББ-ын 2 жилийн үйл ажиллагааны тайлангийн танилцуулга боллоо. Үйлсэд сэтгэлээрээ нэгдсэн олон арван халуун сэтгэлтнүүд цуглав. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дуучин, Улсын начин С.Эрхэмбаяр, СТА, дуучин Х.Батмэнд нар ая дуугаа өргөж, киногоо үзэж, олон хүн сэтгэлийнхээ үгийг ярилаа.
Б.Номинчимэд