Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Media tour” багийнхан “70 жилийн гэрч” буюу Монгол болон БНХАУ-ын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын хэвлэл мэдээллийн хамтарсан цуврал сурвалжилгын дараагийн дугаарт цөлжилтийг сааруулж, ногооруулж чадсан туршлагыг судлахаар ӨМӨЗО-ы Ордос хотыг зорив.
Цаг уурын өөрчлөлт, байгаль экологийн асуудал нь нэг улс үндэстэнд бус нийт олонд хамаатай учир байгальд ээлтэйгээр үйл ажиллагаагаа хэрхэн явуулж буйг сурвалжлахаар хүлгийн жолоо залсан нь энэ билээ.
“Ордос хот нь долоон хошуу, хоёр дүүрэгтэй. Нүүрсний орд ихтэй бөгөөд 2000-аад оны эхэн үед нүүрс үнэд ороход гадаадаас болон дотоодоос олон хүн суурьшихаар ирж байсан тул орон сууцны хорооллыг олноор барьж, шинэ Ордос хотыг сүндэрлүүлсэн. Ингэхдээ зам харилцаа, дэд бүтцээ урьдаар сайн тооцоолсон учраас ойрын 20 жилдээ газар ухахгүй” хэмээн сэтгүүлчдийн багийг ахалсан Өвөрмонголын “Солонго” мэдээллийн төвийн дэд дарга Хишигбаяр танилцууллаа.
Цөлжилтийг сааруулж, элсэн талыг ойжуулж чадсан амжилттай туршлагыг судлах эхний зогсоол нь Далад хошууны Фэн Шүйлян парк байв.
30 гаруй жилийн өмнө бүхэлдээ элс байсан энэ газар 1996 оноос эхлэн “Дүн Да” групп бургас тарьж эхэлсэн түүхтэй. Бургас хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийг сааруулахад нэн тохиромжтой ажээ. Ийнхүү бургас тарьснаар элсэн талд нимгэн хөрсөн бүрхүүл үүсдэг байна. Үүсэн бий болсон тэрхүү нимгэн хөрсийг хүн, малын хөлөөс хамгаалж, бордсоноор төлжин, цаашид тариалан явуулах боломжтой болдог байна. Ингэснээр Дүн Да групп Фэн Шүйлян паркад найман талбайд эрдэнэ шиш, эмийн ургамал ургуулж байгаа нь бүс нутагт газар тариаланг хөгжүүлэхийн хамт 100 мянга гаруй тариалан эрхлэгчийн орлогыг нэмэгдүүлсэн алхам болжээ.
“Дүн да” группийн Суртал ухуулгын газрын дарга Гүө Ю Ли “Бургас тарьж экологийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадсан нь том үр дүн боловч эдийн засгийн буюу бизнесийн үр өгөөж заавал байх ёстой. Жишээлбэл, бургас тарьж бий болгосон нимгэн хөрсийг сайтар бордох хэрэгтэй. Тиймээс бордоог хэрхэн шийдэх вэ гэх асуудал үүснэ. Үүний шийдэл нь туулайн баас байв.
Бургасны навчаар туулайгаа тэжээнэ. Түүний баасаар хөрсөө бордоно. Мөн туулайн арьс, махаар олон төрлийн бүтээгдэхүүн хийх гэх зэргээр юуг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр ашгийг нэмэгдүүлэх талаар үргэлж төлөвлөн ажиллах ёстой” хэмээв.
Сонирхуулахад, Фэн Шүйлян дахь туулайн аж ахуйд ажиллуулахын тулд ойролцоох тосгодын ядуу өрхүүдийг нүүлгэж авчирч, байшин барьж суурьшуулжээ. Үр дүнд нь өмнө нь тогтмол орлогогүй байсан иргэд жилдээ 50-100 мянган юань хүртэлх орлоготой болсон байна. Ингэснээр 10 мянга гаруй өрхийг ядуурлаас гаргажээ.
Мөн Гүө Ю Ли “Бургас 3-5 жилийн дараа хагарч, цуурдаг. Эхэн үедээ тэрхүү хагарсан бургасыг айл өрхүүд түлшиндээ хэрэглэхээс хэтэрдэггүй байв. Харин бид үүнийг бизнес талаас нь харж, цаасны үйлдвэр байгуулсан ч хаягдал ихтэй тул урт хугацаанд үйл ажиллагааг нь явуулж чадаагүй. Үүний дараа барилгын хавтан үйлдвэрлэл явуулж эхэлсэн нь өнөөг хүртэл тогтвортой ажиллаж байна” гэлээ.
Ер нь тус группийн хамт олон аливаа бизнес талаас нь хэрхэн хөгжүүлж болохыг урьдаас бодож тооцоолдог аж. Тэр нь ч ихээхэн амжилт олсон нь 1996 оноос хойшх хугацаанд тогтмол хөрөнгөө 18 тэрбум юаньд хүргэснээр нотлогдож байна.
Түүнчлэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлснээр өдгөө ойжуулалт, туулайн аж ахуйгаас эхлээд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарч, зочид буудал, зам, барилга барих, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл явуулахаас гадна инновацийг хөгжүүлэхээр ажиллаж буй юм.
ЭКОЛОГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛСОН НЬ
Фэн Шүйлянд элсэн талд бургас тарьж, бизнесийн үйл ажиллагаагаа хөгжүүлсэн бол Ингэн талд цөлжилтийг сааруулах төслийг амжилттай хэрэгжүүлж, аялал жуулчлалын бүс болгожээ. Энэхүү экологийн аялал жуулчлалын бүс нь Далад хошууны Занданзуу сумын нутагт байрлах 5,300 гаруй га талбай бүхий үндэсний 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс.
Анх 200 га талбайтай цөлийн бүрдээс ургамал, моджуулах ажлаа эхлүүлсэн бол 2007 оноос хойш Далад хошууны Ой шугуйн товчооноос 1,800 га талбай бүхий цөлжилтийг сааруулан засах төслийг хэрэгжүүлж, нийт 2,600 гаруй га газрын цөлжилтийг сааруулжээ.
Өдгөө энэ бүс нь ингэн овооны тахилгын хэсэг, цөлийн ургамлын хүрээлэн, цөлийн зэрлэг араатны парк, экологийн цөлийн сургуулилтын суурин, цөлийн хайгуулын суурин, цөлийн усан парк, цөлийн амралтын газар зэрэг хэд хэдэн үндсэн хэсгээс бүрддэг. Үүний зэрэгцээ экологийн хамгаалалт болон үндэстний уламжлалт зан үйл, соёл иргэншлийг уялдуулан хөгжүүлсэн үлгэр жишээ ажээ.
“Ингэн талд дахин ногоон ургамал тарихгүй. Учир нь элс багасаж байна. Тиймээс үлдсэн хэсгээ энэ чигт нь хадгалан аялал жуулчлалын газрынхаа өнгө төрх болгох юм. Онцолж хэлэхэд, үлдээд буй элс нь цөлжилтийг сааруулах төсөл хэр амжилттай хэрэгжсэнийг гэрчлэх нотолгоо юм” гэж тус газрын ажилтан хэллээ.
Дашрамд дуулгахад, 2018 онд Ордос хотод болсон цөлжилтийн эсрэг олон улсын хурлын төлөөлөгч тус бүсийг цөлжилтийн эсрэг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн төслөөр нэрлэжээ.
Эх сурвалж: www.IKON.mn