Он дамнан үргэлжилж, хүн төрөлхтнийг хөл хорионд оруулсан коронавирусын цар тахлын улмаас хэдэн зуун бизнес дампуурч, улс орнуудын эдийн засаг ихээхэн доройтсон. Гэвч саарын хажуугаар сайн хэмээж болохуйц өөрчлөлтүүд ч эдийн засагт гарсныг дурдах нь зүйтэй. Онлайн худалдаа, тээвэр ложистик, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс эхлээд олон төрлийн бизнес өсөлт үзүүлсний нэг нь стриминг.
Аав хөлбөмбөг, ээж савангийн дуурь, харин эмээ мэдээ үзэх эрхээ эдлэхийн тулд гэрийн хамгийн тухтай хэсэг болох буйдан дээр зурагтын удирдлагын төлөөх ширүүн тэмцэл өрнөдөг байсан цаг үе саяхан мэт. Гэвч өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, хурдацтай шинэчлэгдэж буй технологийн нөлөө, хүн төрөлхтнийг он дамнан гэрийн хорионд оруулсан цар тахлын улмаас энэ тэмцэл ард хоцорч байна. Дэлхий дахинд телевизийн, тэр ч бүү хэл кино театруудын орон зайг Netflix, HBO, Hulu, Disney Plus, Apple TV Plus тэргүүтэй видео стримингийн платформууд эзлэх болжээ. Цар тахалтай, тахалгүй зогсонги байдалд орох шахаад байсан телевиз, уламжлалт сэтгүүлзүй Covid-19-ийн эхний шуурганд бас л өртөв. Тухайлбал, дэлхийн хэмжээнд телевиз үзэгчдийн тоо зургаан хувиар багассан бол онлайн видео дамжуулагчдын эрэлт 11 хувиар өссөн талаар Statista компанийн судалгаанаас харж болно. Мөн видео стриминг үзэгчдийн дийлэнхийг Азийн орнуудын иргэд эзэлж байгаа аж. Энэтхэг улсын стриминг хэрэглэгчдийн тоо 17 хувиар, телевиз үзэгчдийн тоо гурван хувиар өссөн бол Индонез улс 2020 онд видео хандалт хийсэн үзэгчдийн тоогоор Азийн орнуудыг тэргүүлжээ. Харин Хятад улс энэ жагсаалтын гуравдугаарт орсон. Монголчуудын хувьд ч уламжлалт телевизийн хөтөлбөрөөс илүүтэй видео стримингийн үйлчилгээнд анхаарал хандуулах болж Look TV, VOO, SkyGO, Ori гэх зэрэг үйлчилгээнүүд өөрийн өнгө төрхөө хэдийнэ олсон гэж хэлж болно. Тухайлбал, VOO үйлчилгээний хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар тус апликейшнийг татсан нийт хэрэглэгчийн тоо Монгол Улсын хүн амын 10 гаруй хувийг эзэлж буй бөгөөд эдгээр хэрэглэгчийн 25-аас дээш хувь нь сар бүр идэвхтэй ашиглаж, хөл хорионы өдрүүдэд хэрэглэгчийн тоо тасралтгүй өссөн байна. “Мобиком” корпорацийн Маркетинг хариуцсан дэд захирал Кожи Курушимагийн хэлж буйгаар VOO үйлчилгээ хөл хорионы үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бага, дунд сургуулийн сурагчдад теле хичээлийг үнэ төлбөргүй хүргэсэн нь идэвхтэй хэрэглэгчийн тоо өсөхөд тодорхой нөлөө үзүүлжээ. Тэрбээр “Стриминг үйлчилгээ харьцангуй шинэ үйлчилгээ тул цаашид хөгжсөөр байх болно. Netflix тэргүүтэй компаниуд оригинал контент хөгжүүлэлтдээ илүү анхаарч, өөрсдийн гэсэн кино, контентуудаараа өрсөлдөж байна” хэмээв.
Covid-19 цар тахал гарч аюулын харанга дэлдсэн цагаас өнөөг хүртэл дэлхий дахинд интернэт хэрэглээ 70 хувь, стримингийн хэрэглээ 12 хувиар тус тус өсчээ. Хэдэн сая хүн гэртээ байхаас аргагүйд хүрч, спортын болон зугаа цэнгэлийн аливаа арга хэмжээ цуцлагдсан учир энэ тоо өсөхөөс ч аргагүй. Англичууд хөл хорионд байх хугацаандаа сэрүүн байгаа цагийн 40 хувийг дэлгэцийн өмнө өнгөрүүлсэн бөгөөд бүртгэлтэй шууд дамжуулалтын видео контент үзэгчдийн тоо даруй хоёр дахин ихэссэн байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн хүн тус бүр өдөрт зургаан цаг 25 минутыг дэлгэц ширтэн өнгөрүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт аж. Олонх хүмүүс Netflix, Amazon Prime болон Disney Plus-ын дэлгэцийн үйлчилгээнд дор хаяж нэг цаг зарцуулсан ба 12 сая хүн шинээр энэ төрлийн үйлчилгээнд бүртгүүлсэн гэнэ. Энэ салбарт тэргүүлж буй Netflix-ийн хувьд нийт бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 2020 онд 36.5 саяар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн өнгөрсөн онд нээлтээ хийсэн Quibi зах зээлд гарсан эхний долоо хоногт 1.7 сая гаруй таталт авсан нь компанийн хүлээлтээс давсан үзүүлэлт аж.
Энэ талаар “Скайтел” компанийн Маркетинг, борлуулалт, үйлчилгээ хариуцсан дэд захирал Г.Амарчингүн “Стриминг үйлчилгээ дэлхий даяар хамгийн халуун сэдэв болж, зах зээлийн өрсөлдөөн улам бүр ширүүсч байна. Хүн бүр энэ салбар руу хошуурч байгаа. Монголын үүрэн телефоны операторууд төдийгүй дэлхийн энтертайнмент, технологийн бизнесийн томоохон тоглогчид болох Disney, Apple тэргүүтнүүд ч стриминг үйлчилгээний зах зээлд нэвтэрсэн. Манай байгууллагын хувьд 2019 оны есдүгээр сард тус үйлчилгээг нэвтрүүлсэн” хэмээн ярилаа. SkyGO үйлчилгээний идэвхтэй хэрэглэгчийн тоо хөл хорионы өдрүүдэд 40 гаруй хувиар нэмэгдсэн бөгөөд зуны саруудад амралт зугаалга, идэвхтэй амьдралын хэмнэлээс шалтгаалан стриминг үйлчилгээ ашиглагчдын тоо буурч байжээ.
Олон улсад хөл хорио эхэлсэн даруйд онлайн видео үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн хэрэглэгчдийн дийлэнхийг 55-64 болон 65-аас дээш насныхан бүрдүүлж байгаа бол манай улсын хэрэглэгчдийн дийлэнх нь 18-35 насны залуучууд байгаа нь дунд болон дундаас дээш насны үзэгчдэд чиглэсэн контентыг нэмэгдүүлэх зах зээлийн шинэ эрэлтийг харуулж байна. Манай улсын стриминг үйлчилгээний компаниуд залуучуудад чиглэсэн контентын бодлого баримталж буй. Тухайлбал, анх VOO үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байх үед үзэгчдийн хүртээл болсон “Анагаахын алдартнууд: I курс” кино тус аппликейшний хамгийн амжилттай контентуудын нэг. Одоогоор тус уран бүтээл 500 мянга орчим үзэлттэй байгаа бөгөөд “Анагаахын алдартнууд: II курс” буюу хоёр дахь цувралыг үзэгчдийн хүртээл болгосон байна. Контентын зах зээлд хөл тавиад ердөө нэг жилийн нүүр үзэж буй VOO үйлчилгээний хувьд “Тусгаарлагдсан шинэ жил”, “30 өдөр 30 секс” зэрэг шинэлэг контентуудыг үзэгчдэд хүргэсэн бөгөөд оригинал буюу дотоод контент цацсаны дараа идэвхтэй хэрэглэгчийн тоо 70 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Кожи Курушима онцолж байв. Тэрбээр “Монгол контент, ялангуяа уран сайхны кинонууд өндөр үзэлттэй байдаг. Гадаадад амьдардаг монголчууд эх орноо санадаг учир монгол контентоо үзэх сонирхолтой байгаа нь анзаарагддаг. Мөн хөдөө орон нутаг, аймаг, сум, багийн төвд ч гар утас, интернэт сүлжээ нээлттэй болсон учир хүмүүс энэ үйлчилгээг нээлттэй ашиглаж байна” хэмээсэн юм.
SkyGO үйлчилгээний хувьд ч мөн адил хэрэглэгчдийн хүрээг залуучууд бүрдүүлж буй талаар Г.Амарчингүн захирал дурдаад, “Бид 2012 оноос хойш стриминг үйлчилгээг нэврүүлэх гэж оролдсон. Алдсан туршлага их бий. Одоогийн SkyGO бол видео стримингийн гурав дахь хувилбар. Бид видео стримингийн хажуугаар хөгжмийн Hi-Fi Music, Хуур Music гэх мэт стримингийн үйлчилгээг нэвтрүүлээд алдаж байсан. 2012-2019 оны хооронд таван удаа стриминг хийх гэж оролдож байсан. Эндээс “Платформ заавал монгол хэрэглэгчтэй байх албагүй юм байна, заавал Монголд байгаа хүмүүс биш, дэлхий даяар байгаа монголчууд бүгд үүнийг хэрэглэж болох юм байна” гэдгийг ойлгосон” хэмээн ярилаа. Тиймдээ ч SkyGO үйлчилгээг амжилттай турших, зах зээлд нэвтрүүлэхийн тулд “37-р точка” төслийг хэрэгжүүлсэн нь тэдний үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлжээ. SkyGO үйлчилгээний контентын бодлогын хүрээнд бүтээсэн тус киног Монгол Улсын гурван өрх тутмын хоёр нь үзсэн байна. Уг төсөлд 876 хүн ажиллаж, анги бүр нь нэг ангит киноны төсвөөр бүтсэн бөгөөд контентыг цацсаны дараа тус үйлчилгээний хэрэглэгчийн тоо 300 мянгаар өсөж, бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 420 мянгад хүрчээ. Киноны төгсгөлийн ангийг нээх үеэр Монгол Улсын интернэтийн нийт урсгалыг 10 гигабит/секундээр нэмэгдүүлсэн ч 350 мянган хэрэглэгч нэг өдөрт хандаж гацалт үүсгэж байв.