Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш импортыг орлож, эдийн засгийн өсөлтийг дэмжих олон том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн. Үүний нэг сайн жишээ нь барилгын салбарын гол түүхий эд болох цементийн салбар бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилттэй амжилттай төслүүдийн үр дүнд цементийн хэрэгцээний 90 орчим хувийг дотоодоосоо хангах боломж бүрдсэн.
Яг энэ цаг үеийн хамгийн гол салбар нь эрчим хүч. Монгол Улс эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ хангах эх үүсвэрийг нэмэгдүүлснээр хөгжлийн бусад асуудал яригдахад хүрээд буй. Тэгвэл стратегийн гол салбар болох эрчим хүчний салбарыг Хөгжлийн банк дэмжиж ирсэн бөгөөд санхүүжүүлсэн төслүүд нь эхнээсээ ашиглалтад орж, эрчим хүчний ачааллыг хуваалцаж байна.
Хамгийн сүүлд Дорнод аймаг дахь Чойбалсангийн ДЦС-ыг өргөтгөсөн нь сүүлийн жилүүдэд энэ салбарт хийгдээгүй эх үүсвэрийн томоохон шинэчлэлд тооцогдож байна. “Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөхөд Хөгжлийн банк 60 сая доллароор санхүүжүүлсэн. Энэхүү өргөтгөлийг 2024 оны зургаадугаар сарын 6-нд нээснээр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 36 сумын айл өрх, 3,100 гаруй аж ахуйн нэгж болон тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэв.
Түүнээс гадна аймгийн төв болох Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6,000 гаруй өрхийг дулаанаар хангана.
Үүнээс өмнө Хөгжлийн банк эрчим хүчний салбарын хэд хэдэн төсөлд хөрөнгө оруулсан юм. Тухайлбал, ДЦС-4 ТӨХК-ийн 123.0 МВт-н өргөтгөл, Турбоагрегат №1-4 шинэчлэл төсөл амжилттай хэрэгжсэн. Хөгжлийн банк ДЦС-4-ийн өргөтгөлд 59.7 сая ам.долларын санхүүжилт олгосон бол Турбоагрегатынхд 77.5 сая еврог зарцуулсан. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэл нийт 212.0 МВт-аар нэмэгдэж буй.
Мөн 2013-2015 онд 75.9 сая ам.доллароор Амгалан дулааны станц барих төслийг хэрэгжүүлсэн. Улмаар Амгалан дулааны станц нь 2021 онд Улаанбаатарын нийт дулааны эрчим хүчний хэрэглээний 10.9%-ийг хангажээ. Харин 2023 онд 42.7 тэрбум, 2024 онд 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уг станцыг 116 МВт-аар нэмж өргөтгөсөн аж. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор 145 хэрэглэгчийн 73.6 Гкал/ц-ийн ачаалал буюу 12,000 орчим айл өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэж байгаагийн зэрэгцээ нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байгааг Хөгжлийн банк онцолжээ.
Монгол Улсын эрчим хүчний салбарт санхүүжилт хамгийн их хэрэгцээтэй байгаа. Сүүлд л гэхэд нийслэлийн хэмжээнд эрчим хүчинд 6.6 их наяд, сэргээгдэх эрчим хүчинд 720 тэрбум, дулаан хангамжид 1.4 их наяд зэргээр нийт 110.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэх тооцоолол гарсан.
Энэ том хэрэгцээг хангахад, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, эдийн засагт Хөгжлийн банк хувь нэмрээ оруулсаар байна.