Ерөнхий боловсролын сурагчдын ачааллыг бууруулах цаг хэдийнээ болжээ. Тэр дундаа бага ангийн сурагчид мэдрэлийн ядаргаанд эхнээсээ орж байна гэхэд хилсдэхгүй. Тэд нүдээ анивчиж, гарын алаг нь хүйтэн хөлс цувдаг болоод байгаа тухай эцэг эхчүүд ярих болсон.
Гадны боловсролын системийг нутагшуулна хэмээн зургаан настай балчируудыг хичээлээр дарах нь тэдний эрүүл мэндийг асар их хохироож байна. Тоглоомын аргаар хичээлээ заана гэх уриан дор ерөнхий боловсролын системийг бүхэлд нь өөрчилсөн. Мөн бүх хичээлийг хоорондоо уялдаа холбоотой оруулан гээд бүх сурах бичгийг шинээр зохиосон байдаг.
-Сурах бичгийн өөрчлөлтийн “гай”-г эцэг эхчүүд үүрч байна-
Ерөнхий боловсролын сургалтыг 12 жил болгон өөрчилсөн. Үүнийгээ дагаад бүх ангийн сурах бичгийг шинэчилж, шинээр зохиосон. Ингэхдээ маш их алдаатай, хэт их агуулгыг багтаасан байдаг. Сурах бичигт суралцах, унших, бичих сэдэв хомс. Багш нар нь ихэвчлэн нэмэлт номноос хичээлээ заадаг гээд дурьдаад байвал маш их. Хамгийн том ачаалал нь сурах бичгийн хүрэлцээ муу. Жил болгон сурах бичгийг шинээр хэвлэдэг. Энэ нь эрэлт хэрэгцээгээ хангаж дийлдэггүй. Сурах бичгийн зардлыг төрөөс даадаг гэж эрх баригчид мэдээлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Гэсэн хэдий ч амьдрал дээр тэр нь хэрэгжихгүй эцэг эхчүүдийн нуруунд ачаа нэмэрлэж байна. Боловсролын хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны судалгааны сектороос бага, дунд, бүрэн дунд боловсролын түвшинд сурах бичгийн хангамж, хүртээмж бодит байдалд ямар байгааг судалж, тогтоожээ. Ингэхэд бага ангийнхны номыг төрөөс 100 хувь хангах зорилт тавьсан аж. Үүний 97-98 хувийг биелүүлсэн байна. Хамгийн хүртээмж муутай ном нь иргэний боловсролын сурах бичиг. Иргэний боловсрол нь “Уран зохиол”-ын хичээлийг хасуулан байж сургалтад нэвтрэн орж ирсэн. Сурагчдад хамгийн их өгөөж өгч номонд дурлуулдаг хичээлийг орлон орж буй байж сурах бичгийн хүрэлцээ муу байгаа нь эцэг эхчүүдийг бухимдлыг хүргэж буй.
Мөн 6-9 дүгээр ангид нийт сурагчдын 40 хувийг номоор хангах ёстой. Энэ нь 30 гаруй хувьтай байгаа аж. Номын санчдаас шалтгааныг нь тодруулахад, сурагчдынх нь тооноос дутуу нийлүүлдэг гэсэн юм. Ахлах ангийнхны 40 хувьд мөн л сурах бичиг үнэгүй өгөх журамтай. Гэвч зорилтот бүлгийнхний 15-25 хувь нь л номтой” байгаа юм байна. Түүнчлэн Дүрслэх урлагийн номын 30 хувийг хангажээ. Тухайлбал, 40 хүүхэдтэй нэг ангид 20-25 сурагч сурах бичиггүй хичээллэж байгаа юм. Энэ сурах бичгийн гачигдал зөвхөн Нийслэл хотын сурагчдынх. Хөдөө орон нутаг, цаашлаад алслагдсан суманд 10 сурагчдын дунд 1 ном хүрэлцэж байна.
Цөм хөтөлбөрийг уршигийг жагсаавал барагдахгүй их. Сурах бичгээс гадна багш, сурагчдыг ядрааж, залхаасан олон асуудал бий. Монгол боловсролоо авч үлдээгүй бөгөөд шууд л гадныхыг даган дуурайсан нь өдгөө боловсролын системийг дархлаагүй болгож байгаа нь энэ. Дараагийн цувралдаа энэ талаар нийтлэх болно.
Бага ангийн боловсрол /цуврал-1/ – Иргэний боловсрол хичээл Уран зохиолын хичээлийг орлож чадах уу
Бага ангийн боловсрол /цуврал-2/: Зөв бичих дүрмийн аль нь зөв бэ? буюу Цээж үү, Чээж үү
Бага ангийн боловсрол /цуврал-3/: “Унших бичгийн хичээлээ оруулъя” сайд аа
Х.Даваа
dorgio.mn