АН-ын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой 18 заалт бүхий саналаа Ажлын хэсэгт хүргүүлжээ. Тэгэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ заавал ард түмний санал асуулгыг авах ёстой гэсэн байр сууриа хатуу хадгална гэдгээ илэрхийлсэн юм. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Бид УИХ-ын даргад өгсөн саналын мэдэгдлийн дараа УИХ-ын дарга албан ёсоор хариулт өгсөн. Тэрбээр Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах боломжтой гэж мэдэгдсэн. Тиймээс УИХ дахь олонх үүнтэй санал нэг байна гэж үзэж байгаа. Үүнд итгэхээс өөр арга байхгүй” гэлээ.
Мөн дээрх асуудалдтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс 18 заалт бүхий саналын томьёоллоо Төрийн байгуулалтын байнгын хороо болон, Ө.Энхтүвшин ахлагчтай ажлын хэсэгт албан ёсоор хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Ардчилсан намын зөвлөлийн гаргасан саналын онцлох хэсгийг тоймлон хүргэе. Үүнд :
-Төрийн татвар, хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.
-Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.
-Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол улсын их хурал тарна. Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно.
-Улсын Их Хурал улсын төсөв батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийгөөрчлөх эрхтэй бөгөөд ингэхдээ төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.
-Улсын Их Хурлын гишүүн үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь түүнийг улсын их хурлын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болно.
-Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргаж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол анхны санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулж, олонхын санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
-Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Улсын их хурлын гишүүн нь Ерөнхий сайдын албан тушаалыг хавсарч болно.
-Санхүүгийн чөлөөт бүсэд олон улсын /гадаад улсын/ шүүх байгуулж болно.
-Олон улсын шүүхийн шийдвэр нь улсын Дээд Шатны Шүүхийн хяналтад үл хамаарна.
-Орон нутаг бие даасан төсөвтэй, татвар хураах эрхтэй байна гэжээ.