Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгох, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, аврах анги байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, Биеийн тамирыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталжээ.
ХӨВСГӨЛ НУУРЫГ “ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС” БОЛГОНО
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэв. Тус шийдвэрийн хүрээнд Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт шалгалтаар зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байгаа аж.
ЗАРИМ НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАВ
Байгалийн унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХын тогтоолын төслийг хэлэлцэн зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 1.3 сая га газрыг Улсын тусгай хамгаалалтад авахаар болов. Тухайлбал Увс, Баян-Өлгий заагт орших Ачит нуур, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн давааХөмүүл голын эх, Баянхонгорын Хан уул, байглийн цогцолборт газрын ангиллаар, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсэг, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөхнуур-Бумбат орчмын газар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫГ БАТАЛЛАА
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдэж байна. Жуулчин хүлээж авах өнөөгийн ор/ хоногийн даацыг тооцвол манай улс зуны гурван сард 1,6 сая гадаадын жуулчин хүлээж авах боломжтой гэж Засгийн газар үзжээ. Тиймээс Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгожээ.