Нийслэл хот 1100 км авто замтай. Энэ замаар нийслэлд машинтай хэн бүхэн зорчино. Тиймээс энэ зам тох тухтай, эвдрэл, энхэл донхолгүй байх нь иргэн бүрт хамааралтай.
Нийслэл хот 2013 оноос эхлэн авто зам ашигласны төлбөрт тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч 20.00-40.000 төлбөр авч ирсэн байдаг. Гэвч энэхүү төлбөрийн орлогоос төвлөрдөг 12 гаруй тэрбум төгрөг нь нийслэлийн хэмжээний 1100 км замыг арчилж, засварлахад дөнгөн данган 10-20 хувьд хүрдэг гэдгийг мэргэжилтгүүд хэлдэг. Үүний улмаас борооны ус дүүрсэн, эвдэрч нүх сүв гарсан замыг тухай бүр нь засварлаж чаддаггүй удаж, тэр хэрээр жолооч осол аваар гарах, улмаар машин техникийн эд анги эдвэрч гэмтэх үндэс болдог. Тиймээс хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн иргэдээ эвдэрч сүйдсэн замаар аль болох зорчуулахгүйн тулд авто машины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч сардаа 8300 төгрөгийн зам ашигласны төлбөр төлүүлэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан.
Харамсалтай нь энэ шийдвэр нийслэлчүүдийн нэрийг барьсан улс төрийн нам хүчнүүдийн гар хөл бологсдын зохион байгуулсан машинтай жагсаал, мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Хотын даргад өгсөн үүргийн дагуу буцахаар болжээ.
Өнөөдөр Хотын дарга С.Амарсайхан “Машинтай жагсагчдын төлөөлөлтэй уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, миний дээд шатны удирдлагаас надад өгсөн чиглэл, зөвлөмжийн асуудалд хүндэтгэлтэй хандаж, хууль журмын хүрээнд авто зам ашигласны төлбөртай холбоотой асуудлыг бид дотооддоо эргэн нягталж, тоо баримтаа задлан харж байна. Үүний дараа нэгтгэж НИТХ-аар оруулж дахин хэлэлцүүлнэ. Хэрвээ үнэхээр иргэд үүнийг хүсэхгүй, замаа засаж шинэчлээд яах вэ, шинээр замын өргөтгөл шинэчлэл хийгээд хэрэггүй гэвэл бүгдийг хуучнаар нь болгоод НИТХ-д оруулах шиг амархан зүйл алга, гэхдээ бид аль төслийг нь яаж цааш нь явуулах вэ гэдэг дээрээ ярилцах, шийдэлд хүрэх шаардлагатай болно” гэв. Ямартай ч зам ашигласны төлбөрийн хэмжээ одоо төлөвлөгдсөнөөс буурах юмуу буцаад өмнөх шиг байдалтай хүрэх бололтой.
Монголчууд бид “Хөнжлийнхөө хэрээр хөлөө хийх” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл ямар хэмжээний зардал байна, түүндээ таарсан засвар үйлчилгээний ажил авто зам дээр хийгдэж ирсэн. Замын салбар хэзээнээсээ урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр ирсэн. Ийм нөхцөлд бид сайн зам, засвар шинэчлэлтийн ажил тухай бүрдээ хийгддэг, стандартын шаардлагад нийцсэн гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээтэй замыг байгууллж чадах уу?
Энэ тухай хотын дарга хэлсэн үгэндээ дурьдана билээ. Тэрбээр “Бид хэд хэдэн сонголтын өмнө ирээд байна. Зам харгуйд засвар шинэчлэлтийн ажлаа хийх үү, болих уу, замын ус зайлуулах хоолойг шинэчлэх үү, эсвэл энэ хэвээр нь үлдээх үү гэдэг асуудал тулгараад байна. Анх 2013 онд зам ашигласны төлбөрийг НИТХ-аар баталсан байдаг. Тэр үед нийслэлд 200 гаруй мянган машин, 600 гаруй км замтай байсан бол одоо 500 гаруй мянган машин, 1100 км замтай болсон. Одоо Замын санд төвлөрч байгаа төсөв нь хотын 1100 км замын зөвхөн засвар арчилгааны ажлын 10-20 хувийг дөнгөн данган хийж гүйцэтгэдэг. Ийм бодит нөхцөлд цаашдаа хот шиг замтай болохын тулд гаргасан шийдвэр байсан” гэв.
Хотын даргын гаргасан “Авто зам ашигласны хураамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн шийдвэр” нь улс төрч хүний хувьд муйхар, өөртөө оноо алдсан шийдвэр юм. Гэвч тэрбээр нийслэлчүүдээ ая тухтай, сайн замаар зорчуулахын тулд өөрийн улс төрийн нэр хүндээ л тоон гаргасан шийдвэр гэж харж болохоор байна.
Ямартай богино зайны улс төрчид, ард түмний нэр барьсан “жагсагчдын” оролцоотойгоор Хотын даргагаргасан шийдвэрээсээ буцаж, нийслэлчүүд 2020 оноос энхэл донхолгүй, борооны усанд автсан замаар зорчих зорилт талаар болов бололтой.