Орон нутгийн цагаар Мягмар гарагийн шөнө Кабул хотоос АНУ-ын армийн сүүлчийн нисэх онгоц хөөрч, 20 жил үргэлжилсэн Афганистаны дайнд цэг тавьжээ. “Афганистанаас АНУ-ын иргэдийг, гурав дахь орны иргэдийг, эрсдэлтэй бүлгийн Афганчуудыг гаргах ажиллагаа дууссаныг би үүгээр зарлаж байна. Зүүн эргийн цагаар наймдугаар сарын 30-ны 15:29 цагт сүүлчийн C-17 нисэх онгоц Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудлаас хөөрлөө” хэмээн АНУ-ын армийн төв тойргийн командлагч, тэнгисийн хүчний генерал Кеннет Маккензи мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа наймдугаар сарын 31-нд цэргээ Афганистанаас гаргах сүүлчийн хугацааг зарлаад байсан юм. Талибанчууд уг үйл явдлыг тэмдэглэн ёслолын буудлага зохион байгуулжээ. 2001 онд Афганистаны дайн эхлэхэд түлхэгдэн унасан Талибаны дэглэм ийнхүү 20 жилийн дараа дахин төрийн эрхийг авч байна. Исламын хэт үзэлт Талибаны дэглэмээс зугтсан олон мянган Афганчууд эх орноосоо дүрвээд байгаа. Талибанчууд нийслэл Кабулд орж ирсэн наймдугаар сарын дунд үеэс хойш тус хотын олон улсын нисэх буудал дүрвэгчдээр дүүрсэн юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын тал Афганистанаас 122,300 орчим хүнийг нүүлгэн гаргажээ. Дүрвэхийг хүссэн олон мянган Афган хүнээс гадна 250 орчим Америк хүн Афганистанаас явж чадалгүй үлдсэн байна. Пүрэв гарагт Кабулын нисэх буудалд террорист халдлага гарах үеэр 170 гаруй хүн алагдсаны 13 нь АНУ-ын цэргийн алба хаагчид байв. Баасан гарагийн орой АНУ-ын тал уг халдлагыг төлөвлөж, зохион байгуулсан орон нутгийн Исламын Улс бүлэглэлийн хоёр гишүүнийг Афганистаны Нангархар мужид дроны цохилтоор устгасан юм.
Хоёр дахь халдлагыг үйлдэхээр нисэх буудал руу явж байсан тэсрэх бөмбөгтэй автомашиныг АНУ-ын арми Ням гарагт аюулгүй болгосон байна. Энэ үеэр террористуудаас гадна энгийн номхон 10 иргэн алагдсаны долоо нь хүүхэд байсан тухай гэрчүүд мэдээлжээ. Даваа гарагт Исламын Улс бүлэглэл Кабулын нисэх буудал руу пуужингууд харвасныг АНУ-ын арми амдаж устгасан байна. Трампын засаг захиргаа 2020 оны хоёрдугаар сард Талибанчуудтай тохиролцоо хийсний дараа АНУ-ын цэргийг Афганистанаас гаргах ажиллагаа яригдаж эхэлсэн юм. Ерөнхийлөгч Байден уг төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлжээ. Эхэн үедээ Америкчуудын ихэнх нь Афганистанаас цэргээ гаргахыг дэмжиж байсан бол сүүлийн үеийн судалгаанд оролцогчид Байдены засаг захиргааны цэрэг гаргах үйл ажиллагааг шүүмжлэх болсон байна. Кабулын албан ёсны засгийн газрыг Талибанчууд маш богино хугацаанд түлхэн унагаж, Афганистан улсын ирээдүйг тодорхойгүй нөхцөл байдалд орхисон нь Байдены нэр хүндийг унагах гол шалтгаан болжээ. Америкийн түүхэнд хамгийн урт дайн болох Афганистаны дайн 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа эхэлсэн юм.
Халдлагыг үйлдсэн Аль Кайда байгууллагын толгойлогч Осама бин Ладеныг 2011 онд устгасан ч уг террорист байгууллага үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа. Аль Кайдагаас гадна Исламын Улс террорист бүлэглэлийн Афганистан дахь салбар сүүлд шинээр байгуулагдсан юм. 2001 оноос хойш АНУ нийт $2.26 их наядыг Афганистаны дайнд зарцуулжээ. Энэ хугацаанд Афганистаны арми, цагдаагийн 66,000 алба хаагч, энгийн номхон 47,000 орчим иргэн амь үрэгдсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Афганистанд АНУ-ын 2,448 цэргийн алба хаагч амь үрэгджээ.