УИХ-ын дарга Г.Занданшатар бол үйл явдлын халуунхан өрнөлийг нурманд нь оруулдаг, олны анхаарлын төвөөс үл тасалдах лидер улстөрч.
Сайн, муугаар хэлэгдэж, нийгмийн бухимдлын бай болж л байдаг. Бас зангараг, ухаан, боловсролоороо бусдаасаа ялгарч, улстөрийн оновчтой гаргалгааг олж, бас онцгойрч чаддаг нэгэн.
Энэ бүхнийг тоочсны учир гэвэл энэ намрын ээлжит бус чуулган зөвхөн түүний нарийн тооцоолол, удирдлагаар эхэлж, өрнөж, өндөрлөв.
Ээлжит бус чуулган тун намдуулан эхэлж, хэлэлцэх асуудлуудаас зөвхөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт л анхаарал татаж байв. Түүнээс бус Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ ингээд солигдчихно гэж бодсонгүй. Олон нийт давхар дээлийг тийм ч амар өмсөхгүй биз хэмээн харж байв.
Өөрөөр хэлбэл, Цэцийн дүгнэлтийг шийдэх гарц, гаргалгааг хэрхэн олох нь сонирхол татаж байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар ч УИХ-ын гишүүд Цэцийн шийдвэрийг тал талаас нь нухацтай хэлэлцэж, Үндсэн хуулиа л хамгаалж үлдэх, шийдэл олохыг хүссэн.
Тиймээс энэ удаа Цэцийн шийдвэрийн гаргалгааг олоод дараагийн алхмуудыг намрын чуулган хүртэл хойшлуулах дүр зураг харагдаж байсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар угтаа бол Цэцийн шийдвэрийг тийм ч таатай хүлээж аваагүй нь хэлсэн үгнээс нь харагдсан. Тэрбээр 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд хамгийн чухал үүрэг хүлээж, “давхар дээл”-ийг тайлсан. Энэ агуулгаараа гаргасан шийдвэрийнхээ эсрэг явахгүй байсан ч улстөрийн шахаанд орчихов уу хэмээн олон нийт таамаг дэвшүүлж байв.
Үндсэн хууль нь Үндсэн хуулиа зөрчсөн гэж үзсэн Цэцийн шийдвэр нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж буй хэмээн үзэж УИХ хүлээж авахгүй гэх магадлал тун өндөр байв. Ингэсэн тохиолдолд Үндсэн хуулийн Цэц болон УИХ-ын хоорондох зөрчилдөөн үүсч, улмаар Үндсэн хуулийн үнэ цэн гэж чухам юу болох билээ. Үндсэн хуулийн хямралд орох магадлал өндөр хэмээн хуульчид зөгнөж байв. Хадны завсан хавчуулсан халиуны зулзага мэт Үндсэн хуулиа орхих уу, эсбөгөөс асуудлыг мухарлах уу.
УИХ-ын дарга Үндсэн хуулиа хамгаалахын зэрэгцээ хууль дээдлэн сахих ёсыг бэхжүүлэхийг эрхэмлэсэн. Энэ тохиолдолд УИХ-ын даргын үг,үйлдэл бүр хийгүй агаад байхаас гадна улстөрчид зөвхөн түүний нүүдлийг л хүлээж байсан.
Нэг талаас эрх баригч намын бодлого нөгөө талаас Үндсэн хуулиа сахин хамгаалах хууль тогтоогчийн байр суурийг эн тэнцүүлэн, тунг тааруулах гарцыг тэр олох ёстой.
МАН-ын бүлгийн гишүүд үндсэндээ талцаж, сайдын суудал горилгочид, эс горлигчид гэсэн уур амьсгал ноёлж байв. Давхар дээл горилогчид улстөрийн сонгуульд оролцож, хал чулуу долоогоогүй, сонгуулийн мөрийн хөтөлбөрт оролцоогүй “энгийн” хүмүүс Засгийн газарт орж, хөтөлбөрийг хөсөр хаях нь гэсэн мэссэжийг өгч байв.
Маш олон эрх ашиг, түүний цаана нийгмийн үл таашаах хандлага нэг бужигнавал юунд ч хүргэж болзошгүй.
Эдийн засгийн хямралыг дагасан орлогын хэмжээ хэрэгцээгээ хангаж чадахааргүй болж буй нөхцөлд иргэдийн бухимдал өндөр байна. Тийм учраас иргэдийнхээ амьдралыг бус эрх мэдэл албан тушаалын төлөө ээлжит бус чуулганыг хуралдуулж байна гэсэн шүүмжлэл дэвэрч мэднэ.
Үүнээс улбаалан улстөрийн халуун тэмцэл өрнөж, эрх баригч намын эв нэгдэлд гүн ангал сууж мэдэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ бүхнийг харж, хамгийн эмзэг цэгт сууж байсан.
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг дараалал гэж ямар том бодлого агуулж байдгийг анх удаа мэдэрлээ.
Асуудлыг алгуур боловч, ээлж дараалан оруулж ирэх бүрт шийдэл хялбар мэт харагдавч, өөрчлөлт өрнөл маш хурдтай байж чадлаа.
УИХ-ын даргын энэхүү арга барил шатарын нүүдэл мэт. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй хамтатган оруулаад ирлээ. УИХ-ын дарга өөрөө зөвлөлдөх ардчилал, зөвшилцлийн бодлогыг эрхэмлэдэг учраас аливаа ээдрээт асуудалд улстөрийн хүчний бүгдийн үгийг сонсдог хүн л дээ. Энэ удаа бас улстөрийн намуудын зөвшилцөлгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт, Засгийн газрын бүтцийн асуудал шийдэгдэхгүй байв.
УИХ-ын АН-ын бүлгийн доторх зөрчил даамжирч хоёр талцаад удаж буй. Харин энэ мөчид АН-ын бүлгийн даргаар Г. Цогтгэрэлийг сонгохыг УИХ-ын дарга хүлээн зөвшөөрч, сөрөг байр суурьтай гишүүдийнхээ тоог нөхөж чадсан.
Энэ бол жинхэнэ улстөрийн нүүдэл. Эгзэгтэй мөчид олонхийн эрх ашгаа хамгаалахын тулд зоригтой энэ мэт тохиролцоо улстөрч хүнд байх арга ухаан. УИХ-ын дарга хоёр талцсан АН-ын бүлгийн гишүүдийн үл ойлгоцлыг түр үү, бүүр үү хэсэгтээ л намжаалаа. Гэхдээ нэг талаас АН-ын зүгээс ирэх галыг бас өөр дээрээ авч байна.
Ингээд дараагийн өдөр нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Ингээд асуудал тодорхой болмогц ар талд албан тушаалын өрсөлдөөн ширүүссэн нь тодорхой. Яг энэ цагт УИХ-ын даргын нүүдэл өндөрлөж, гаран одсон биз.
УИХ-ыг дарга шатарын нүүдлээр ээлжит бус чуулганыг удирдаж, Үндсэн хуулиа хамгаалж, цаг үеийн улстөрийн эргэлтийг намдуухан дуусгав.