2021-2022 оны 2-р улирлын хичээлийг танхимаар эхлүүлэхтэй холбогдуулан коронавиурст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хичээл эхлэхээс өмнө хүүхдийн аюулгүй байдал, сургалтын орчны эрүүл ахуй, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
Нэг. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө сургалтын орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах талаар боловсролын байгууллагуудад:
1.1 Сургалтын орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлага, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр:
– Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө анги, танхим, дотуур байранд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж, цонх, салхивчийг өдөрт 3-4 удаа онгойлгож, агааржуулалт хийх,
– Сургууль, цэцэрлэг, дотуур байрны гадна болон дотоод орчны аюулгүй байдлыг бүрэн хангах, хог хаягдлыг цэвэрлэх, хог хаягдлыг зориулалтын цэгт цуглуулж, тухай бүр зайлуулж байх,
– Сургууль, цэцэрлэг, дотуур байрны гаднах хашаа, хаалт, гадна тоглоомын аюулгүй байдлыг хангах, биеийн тамирын талбайн шат, суурин болон гулсуур тоглоомуудын бэхэлгээ, савлуур тоглоомын гинж олсны бат бэх байдал, гадаргуу зөөлөвчтэй эсэх, элсний талбайн үзүүр булан ирмэггүй, бүтээлэг тагтай, гадна, дотор орчин камержуулалттай, ажиллагаа бүрэн эсэхийг нягтлах,
– Сантеникийн шугам хоолой, траншейны нүх, тагны аюулгүй байдал хангагдсан, цахилгааны шон, таг, эрсдэлгүй байгаа эсэхийг сургууль, цэцэрлэгийн удирдлага. дотоод хяналтын багтай хамтран хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээг авах,
– Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй болон шил, төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмж ашиглахгүй байхад анхаарах,
– Өдөр тутмын угаалга, цэвэрлэгээнд шаардлагатай шинжилгээ баталгаажилттай, хэрэглэх заавар нь батлагдсан халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх,
– Анги, танхим, өрөө тасалгааны хаалганы бариул, ширээ сандал, ариун цэврийн өрөө, гэрлийн унтраалга, компьютерийн гар, хулгана зэрэг гар их хүрч амархан бохирдох эрсдэлтэй гадаргуу, объектийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт цэвэрлэж, халдваргүйжүүлж байх,
– Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран эцэг эх, асран хамгаалагчид, хүүхдүүдэд коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг тухай бүр хүргүүлэх,
– Сургууль, цэцэрлэгүүдийн агаар шүүгчийн хэвийн ажиллагааг шалгаж, бэлэн байдлыг хангах, хичээл эхэлмэгц тогтмол ажиллуулах,
– Коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг сургууль, цэцэрлэг, дотуур байранд байршуулах,
– Сурагчдыг сургуулийн автобусаар тээвэрлэдэг тохиолдолд тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж байх,
– Шинээр ажилд орсон багш, ажилтныг холбогдох журмын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах,
– Цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулах,
– Хүүхдийн тоглоомыг сод, давстай халуун усаар угааж цэвэрлэх,
– Хүүхдийн гарыг тогтмол угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, гар угаах санамжийг шаардлагатай газруудад байршуулах, гар нүүрийн алчуурыг өдөр бүр угааж, индүүдэж хэрэглүүлэх,
– Цэцэрлэгт өглөө бүр хүүхдийн хоолойг сод, давс, нимбэг, царвангийн аль нэг уусмалаар зайлах нөхцөлийг бүрдүүлж, хэрэгжүүлэх,
– Эмчийн өрөө, тусгаарлах өрөөг цэвэрлэж бэлтгэн шаардлагатай тоног төхөөрөмж, яаралтай тусламжийн эм, тариа, материалаар бүрэн хангах,
– Хичээл эхэлмэгц өглөө бүр багш, ажилчид, хүүхдүүдийн эрүүл мэндэд тандалт хийн хяналт тавьж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хэрэгжилтийг хангах,
– Өглөө бүр багш, ажилчид, хүүхдийн ирцийг бүртгэж, ирээгүй тохиолдолд шалтгааныг тодруулж, хяналт тавьж ажиллах,
– Хичээлийн явцад халуурсан, ханиалгасан хүүхэд илэрвэл эцэг эх, харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэж, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, холбогдох журмын дагуу арга хэмжэээг авч ажиллах,
– Багш, ажилчид, сурагчид, хүүхдүүдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг сахих талаар сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах,
– Багшийн ёс зүй, суралцагчийн сэтгэл зүй, зан төлөвд ажиглалт хийх, учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэдтэй ажиллах арга зүй, мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтарч ажиллах.
1.2. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр:
– Сургууль, цэцэрлэг, дотуур байрны гал тогооны агуулахад хадгалагдаж байсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалсан нөхцөл, хэрэглэх хугацаа дууссан эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгах,
– Шинээр сонгон авах болон нийлүүлэгдэж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах,
– Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, баглаа боодолд савлах, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд анхаарах,
– Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн угааж, цэвэрлэх, хоол хүнсийг бэлтгэх бүх гадаргуу, тоног төхөөрөмж, аяга, халбагыг холбогдох зааврын дагуу угааж цэвэрлэн, халдваргүйжүүлэх,
– Хоол үйлдвэрлэлийн ажиллагсад Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-д зааснаар 6 сар тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах тул эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан хугацаа дууссан эсэхийг нягтлах, дууссан бол үзлэг, шинжилгээнд хамрагдсны дараа ажиллуулахад анхаарах,
– Ундны усны чанар, аюулгүй байдалд анхаарч төвлөрсөн системийн усанд жилд нэг удаа стандартад заасан хими, нян судлалын үзүүлэлтээр шинжилгээнд бүрэн хамруулж, дүгнэлт гаргуулсан эсэх, төвлөрсөн бус ус хангамжтай тохиолдолд усны рН, булингар, E.coli, нянгийн тоог улиралд нэг удаа итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн эсэхийг нягтлах, шаардлагатай тохиолдолд шинжилгээнд хамруулах,
– ЭМС-ын 2014 оны 113 дугаар тушаалаар батлагдсан цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хэрэгцээт илчлэг, шим тэжээллэг хоол хүнсээр хангах, амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг сонгоход анхаарах,
– ЭМС-ын 2020 оны А/369 дүгээр тушаалаар батлагдсан сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний хэрэглэхгүй байх зэрэг байгууллагын дотоод хяналтыг сайжруулж ажиллах,
– Хоол үйлдвэрлэлийн газрын хогийн савыг дүүргэлгүй суллаж, тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлж байх,
– Болгосон болон түүхий хүнсийг тусгаарлаж бэлтгэх, зохих хэмд хадгалах,
– Хоол хүнсийг батлагдсан жор, технологийн дагуу бэлтгэж гүйцэт боловсруулах,
– Хүүхдэд олгосон хоол, хүнсний дээжийг холбогдох журам, стандартын дагуу тогтмол авч, зөв хадгалж, тэмдэглэл хөтөлж хэвших,
– Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хөндлөнгийн хяналт тавих суралцагч, эцэг эх, багш нарын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус хяналтын зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах.
Хоёр. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар эцэг, эхчүүдэд:
– Гэр бүлийн орчинд хүүхдийн авулгүй байдлыг хангах, хараа хяналтыг сайжруулах,
– Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, халдвараас сэргийлэх дэглэмийг чанд мөрдөх,
– Хүүхдийг сургууль, цэцэрлэгт явахад нь сольж хэрэглэх маскыг бэлтгэж өгөх, хичээл тараад ирэхэд тогтмол гарыг угаалгаж байх зэрэг халдвараас сэргийлэх дадал, хэвшилд сургах,
– Сургууль, цэцэрлэгийн анги, бүлгээс хүүхэд коронавируст халдвараар батлагдсан, хүүхэд өөрт нь шинж тэмдэг илэрсэн, батлагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу мэдээлэх, тусгаарлалт хяналтад байх,
– Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарал хандуулах,
– Бага насны хүүхдээ харгалзах хүнгүй орхихгүй байх,
-..Галын аюулаас урьдчилан сэргийлж ахуйн хүрээнд цахилгааны аюулгүй байдлыг хангах, цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, хэрэглээгүй үедээ салгаж байх, шүдэнз, асаагуур гэх мэт эд зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалах,
– Хүүхдийг унаж, бэртэхээс сэргийлж цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх,
– Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавж, мэрэгчийн хор, эм, витамин, уксус, цуу зэрэг химийн бодисыг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах,
– Халуун ус, халаалтын системийн аюулгүй байдлыг хангахад анхаарах,
– Шаардлагатай тохиолдолд хүүхдийн тусламжийн 108, Онцгой байдлын 105 утсанд хандах талаар хүүхэддээ зөвлөх,
– Хоол хүнснээс шалтгаалсан эрсдэлээс сэргийлэх зорилгоор гэртээ хоол хүнсний бүтээгдэхүүнийг зохих хэмд хадгалах, тасалгааны хэмд удаан хадгалсан хоол хүнсийг хэрэглэхгүй байх, болгосон, түүхий хүнсийг тусад нь хадгалах, хоол хүнсийг гүйцэд чанаж хэрэглэх.