-НИЙСЛЭЛЧҮҮД ЖИЛДЭЭ 500 ТОНН ГЯЛГАР УУТ ХЭРЭГЛЭДЭГ-
Хүн худалдаж авсан нэг ширхэг гялгар уутаа ердөө л 12 минут ашигладаг ч хүмүүсийн хэрэглээд хаясан нийт уутны гуравхан хувь нь дахин боловсруулагддагийг Дэлхийн байгаль орчин хүн амын талаарх бодит статистик мэдээллийн “The World Counts” тооцоолжээ. Тийм ч учраас дэлхий дээр нэг өдөр хаягдаж буй хогны 30 хувийг гялгар уут эзэлдэг байна. Монгол Улсын хэмжээнд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгийг 1.4 сая нь нийслэлд хамааралтай. Харин үүний 500 тонн нь зөвхөн гялгар уут байдаг аж. Гялгар уут байгаль орчин, цаашлаад хүний эрүүл мэндэд ямар их хор уршигтайг ярьдаг ч иргэд өнөөг хүртэл ашигласаар байгаа нь тэдний ухамсарт нөлөөлөхгүй байгаагийн илрэл. Тухайлбал,
-Гялгар уут байгаль дээр задралгүй 100-400 жил болохдоо байгаль орчноор дамжуулан хүний эрүүл мэндэд хор учруулсаар байдаг
-Хамгийн их хорт хий ялгаруулж, хөрс, ус, агаарыг бохирдуулдаг
-Нийт үйлдвэрлэсэн торны 97 хувь нь байгальд хаа нэгтээ хаягддаг.
-Ганцхан хүн гялгар уутны хэрэглээгээ даавуун уутаар сольсноор 22,000 гялгар уут байгаль орчныг бохирдуулахаас сэргийлдэг.
-Гялгар уутыг бүр мөсөн устахыг хүлээе гэвэл 1,000 жил шаардлагатай байдаг гэсэн тооцооллыг “Монголын хатуу хаягдлыг дахин боловсруулах холбоо”-ноос гаргасан байна.
Одоогоор манай улсад гялгар уут дахин боловсруулах хоёр үйлдвэр ажилладаг. Тус үйлдвэрүүд нийслэлээс гарч буй бүх хаягдлыг боловсруулж байгаа ч орон нутаг дахь уутыг боловсруулж чадахгүй байгаа юм. Учир нь орон нутгаас гялгар уутны хаягдлыг цуглуулж авчрахад тээврийн зардал өндөр байна. 1000 ширхэг уут нэг кг болдог. Их хэмжээгээр авчирсан нөхцөлд кг-ыг нь 150-250 төгрөгөөр авдаг. Ийм хэмжээний мөнгөөр орон нутгаас уутны хаягдлыг түүгээд ирэх хүн алга гэсэн тайлбарыг албаны хүмүүс хэлдэг. Тиймээс Монгол Улсын засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан. Хориг хэрэгжиж эхлэхээр бидний хэлж заншсанаар 10-н, 50-н, 100-н гэх мэт бүх төрлийн гялгар уутыг худалдаалахыг хориглож, хэрэглээг нь хязгаарлах юм. Тус шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллана.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирэх гуравдугаар сараас нийлэг уутыг хилээр орж ирэх үед хяналт тавьж, худалдаа үйлчилгээнд хэрэглүүлэхгүй байх арга хэмжээ авч ажиллах юм. Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ.