Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдаад найман жил болж байна. Энэ хугацаанд нийтдээ 1600 гаруй аж ахуйн нэгжид зээл олгосноос 300 орчим нь зээлээ эргэн төлж, 2019 оны эхний улирлын байдлаар 1325 аж ахуйн нэгж Хөгжлийн банкны зээлээр үйл ажиллагаагаа өргөтгөн, ажиллаж байгаа аж.
Хөгжлийн банкны тухай шинэ хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээс хойш сар бүр дамжуулан зээл олгож байгаа банкуудад шалгалт хийж, зээлдэгчийн зээлийн чанарыг шалгадаг болсон байна. Өнгөрсөн онд хийсэн шалгалтын дүнгээр нийтдээ 9.1 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар ашигласан байсныг тогтоож, хугацаанаас нь өмнө эргүүлэн төлүүлжээ. Одоо Хөгжлийн банк 2.8 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй ажиллаж байгаа аж.
2016 оноос өмнө Хөгжлийн банкнаас 100 тэрбум төгрөгөөс дээш хэмжээтэй зээл авсан есөн аж ахуйн нэгж байдаг байна. Эдгээр есөн зээлдэгч тус банкны хамгийн том зээлдэгч бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 58.2 хувийг эзэлж байна. Есөн том зээлдэгчийг танилцуулбал,
- Төрийн орон сууцны корпораци /ТОСК/- 257.5 тэрбум төгрөг
- Худалдаа хөгжлийн банк – 168.5 тэрбум төгрөг
- МАК цемент ХХК – 166.3 тэрбум төгрөг
- Эрдэнэс Монгол ХХК -166.1 тэрбум төгрөг
- Кью Эс Си ХХК – 161.3 тэрбум төгрөг
- Хөтөл ХХК – 161.2 тэрбум төгрөг
- Цэцэнс Майнанг энержи – 140.9 тэрбум төгрөг
- ДЦС-4 ТӨХК -105.1 тэрбум төгрөг
- Бэрэн ХХК – 101.8 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгожээ.
Эргэн төлөлтөд хүндрэл учирсан таван зээлдэгч
Эдгээр зээлдэгчээс ТОСК, Кью Эс Си, Хөтөл, Бэрэн зэрэг дөрвөн ААН-ийн зээлийн эргэн төлөлт удааширч, хүндэрчээ. Нэр дурдсан компаниудад 2012-2014 онд нийтдээ 863 тэрбум төгрөгийн зээл олгосноос өнөөдрийн байдлаар 123 тэрбум төгрөгийг эргэн төлж, 731.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.
-ТОСК-ийн хувьд хамгийн өндөр дүнтэй зээлийг авсан ч хамгийн асуудалтай зээлийн багц багтаж байгаа юм. Засгийн газрын тогтоолоор 2015 оноос өмнө Хөгжлийн банкнаас их хэмжээний эх үүсвэрийг ТОСК-д гаргаж, орон сууцны хорооллууд барьж ашиглалтад оруулсан ч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй явж ирсэн байна. Эргэн төлөлтийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газартай зөвшилцөж, шийдвэрт хүрэх юм байна.
-“Хөтөл” ХХК-ийн хувьд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн ч улсын комисс зарим хэсгийг хүлээн аваагүй учраас бүрэн чадлаараа ажиллаж чадахгүй байгаа гэсэн шалтгаанаас болж зээлийн төлөлт удааширчээ. Энэ улиралд багтаж, улсын комисс бүрэн хүлээн авч, үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч эхэлбэл зээлийн эргэн төлөлт хэвийн хийгдэх хүлээлттэй байгаа юм байна.
-Мөн “Бэрэн” ХХК-д олгосон зээлийн эх үүсвэрээр байшин үйлдвэрлэх комбинат барьсан ч өнөөдрийн байдлаар үйлдвэр бүрэн хүчин чадлаараа, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллаж чадахгүй байгаа учраас зээлийн эргэн төлөлт удааширчээ.
-Харин “Кью Эс Си” гэдэг компанийн хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад оролцсон байж болзошгүй гэдэг шалтгаанаас болж гарсан Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, зогсонги байдалтай байгаа юм байна. Тус компанитай холбоотой асуудлыг Засгийн газартай зөвшилцөж, тогтоолыг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсвэл хуулийн дагуу зээлийг эргэн төлүүлэх юм байна.
-Эдгээр том зээлдэгчээс гадна Капитал банк дампуурсантай холбоотойгоор тус банкаар дамжуулан зээл олгож байсан Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр түгжигдэж, асуудалтай зээлд багтсан байна.
Асуудалтай зээлүүд нь Хөгжлийн банкны ашиг ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа учраас олгосон санхүүжилтийг эргэн төлүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа юм байна. Мөн Хөгжлийн банк зээлийн эрсдэлийн сангийн эх үүсвэрээ нэмэгдүүлж байгаа бөгөөд зөвхөн эдгээр таван зээлдэгчдэд 265.7 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан үүсгэжээ.
ЭХ СУРВАЛЖ: ITOIM.MN