Азийн “Давос” хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг боао форум нь Ази Номхон далайн бүсийн 29 орны улс төр, бизнесийн нөлөө бүхий 183 иргэн, хуулийн этгээдийг нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. БНХАУ-ын тэргүүлдэг энэхүү байгууллага жил бүр Хайнань мужийн Боао хотноо хуралддаг уламжлалаа нэг удаа эвдэж, Филиппиний нийслэл Манила хотод чуулсан бол хоёр дахь нь энэхүү Улаанбаатарын форум байлаа.
Монгол Улсын төдийгүй Ази тивд буй далайд гарцгүй бусад 31 орны дэд бүтэц, тээврийн хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх талаар бүс нутгийн хэмжээнд хэлэлцэж, гарц гаргалгаа дэвшүүлсэн ач холбогдолтой гэж нэг талаас тодорхойлж болно.
Азийн 10 гаруй орны 300 орчим төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож буй Боао форумын ерөнхий сэдвийг “Хамтын ирээдүй-Нэгдсэн үйл ажиллагаа-Нийтлэг хөгжил” гэж тодорхойлсон. харин “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам хөтөлбөрийг бүс ба Зам санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн дэд сэдвүүдээр салбар хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Хөгжлийн зам хөтөлбөрийг бүс ба Зам санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх талаар хөгжлийн банкны зөвлөх Б.Эрдэнэсанаа “Энэ хөтөлбөрийн үзэл санаа, зорилго нь “Бүс ба зам” санаачилгатай харшлах зүйлгүй. Гурван улсын төрийн тэргүүний гарын үсэг зурсан Эдийн засгийн коридорт нийт 32 төсөл бий. Энэ бүхнийг бодит ажил хэрэг болгохдоо хувийн хэвшлийг татан оролцуулах шаардлага бий” гэж онцолсон юм. Харин Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн Рандолф Коппа “Засгийн газар баталгаа гаргавал хувийн хэвшил илүү идэвх санаачилгатайгаар дэд бүтцийн төслүүдэд дуртайяа оролцоно. БНХАУ-аас хамгийн боломжийн буюу зардал багатай санхүүжилт татах боломжтой” гэв. Манай улсын дэд бүтцийн хөгжлийн асуудлын талаар Монгол дахь Хятадын худалдааны танхимын дарга Ян Шиаочи ”хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэд бүтцийн суурь чухал. Транзит тээврээ нэмэгдүүлэх болон Монголын цэвэр эрчим хүчний асар их нөөцийг ашиглах сонирхол бидэнд бий. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх замаар туслах боломжтой. Далайд гарцгүй орнуудад боомт бариад хөрөнгө оруулж ашигтай ажилласан тохиолдол бий. Хоёр орны хооронд төмөр замыг илүү өргөн хүрээнд тавьснаар олон давуу талтай болно” гэх мэтээр саналаа хэлсэн юм.
Бүс нутгийн цар хүрээнд асуудлаа хэлэлцдэг форумын салбар хуралдаан Монгол болон Азийн бусад улсын өмнө тулгарч буй түгээмэл асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлсэн ажил хэрэгч чуулган боллоо.
УЛААНБААТАР ХОТЫН УТААГ АРИЛГАХ МЕТАН ХИЙН ТӨСЛИЙГ УРАГШЛУУЛЖ БАЙНА
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү:
-Гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах маш олон төсөл бий. “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн томоохон ордуудыг ашиглахаас гадна тэдгээрийг дагасан зам, эрчим хүч, ложистик зэрэг дэд бүтцийн төслүүд, мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах чиглэлд ажилладаг. Тухайлбал хүрэн нүүрсээ эрчим хүч болгоод БНХАУ руу экспортлох “Шивээ хүрэн”-гийн төсөл байна. Энэ бол зөвхөн нүүрс бус нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх цогц төсөл юм. Мөн “бэрэн” групптэй хамтарсан төр, хувийн хэвшлийн “Эрдэнэс Стийл” ХХК-ийн кокс, гангийн үйлдвэрийн төслийг дурдаж болно. 300 мянган тонн ган, 500 мянган тонн кокс үйлдвэрлэх энэхүү төсөлд Хятадын талаас Sinosteel компани хамтрахаар хэлцэл хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийг бүс нутгийн хамтын ажиллагааны томоохон төслүүдэд улсаа төлөөлөн орж, хамтарч ажиллах боломжтой гэж Засгийн газраас чиглэл өгч байна. Багануурын уурхайн лицензийг манай компанид шилжүүлсэнтэй холбоотой уурхайн ашиглалтыг сайжруулах төсөл боловсруулж байна. Мөн алтны үйлдвэр барих судалгааны ажил өрнөж байна. Алтаа цэвэршүүлээд, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байна. Түүнчлэн австралийн хөрөнгө оруулагчтай хамтарч метан хийг ашиглах төсөл маань хайгуулын шатандаа явж байна. Тавантолгойн бүлэг ордод буй метаны их хэмжээний нөөцийг судалж, ТЭЗҮ гаргасны дараа эрчим хүчний цэвэр эх үүсвэр бий болгох, хийн түлшинд шилжүүлэх замаар улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэх алхамыг эхлүүлэх юм.
НЭГ ЗОРИЛГООР ХАМТРАН АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ХӨГЖЛИЙН ҮЕ ИРЖ БАЙНА
China nonferrous metal mining группийн ТУЗ-ийн дарга Ван Тонжоу:
-Бид өнгөрсөн жил Монгол Улсад 250 сая ам.долларын татвар төлсөн нь аж ахуйн нэгжүүдийн тэргүүлэх хэсэгт жагсаж байна. Мөн орон нутагт буцалтгүй тусламж өгч, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалт хийж ирсэн. Түүнчлэн залуу үеийн боловсролд анхаарч, соёл урлагийг дэмжих чиглэлд ажиллах болсон. Монгол ажилчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор хятадад сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлсэн. Монгол Улс уламжлалт мал аж ахуйн орон. байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, бэлчээр хамгаалах зорилгоор ногоон байгууламж бүтээж, мод тарих, малчдын тулгамдсан асуудлаас шийдвэрлэх зэргээр орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Хамтаараа нэг зорилгоор үйл ажиллагаа эрхлэх нийтлэг хөгжлийн үе ирж байна. Хоёр орны засгийн газар хамтын ажиллагааг уул уурхайн бизнес эрхлэгчид, иргэд хамтын ойлголцол дээр идэвхтэй өрнүүлэхийг эрмэлзэж байна.
ЗАСГИЙН ГАЗАР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХУУЛЬ ЁСНЫ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛНА
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Монгол Улс бүс нутгийн өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн бололцоогоор хувь нэмрээ оруулж ирсэн. “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй нь гурван улсын төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлнэ. Боао форумаар энэхүү хөтөлбөр, санаачилгуудтай холбоотой бүтээлч санал, тодорхой алхам гарна гэж итгэж байна. Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, тэдний итгэлийг нэмэгдүүлэх, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлнэ.
МАНАЙ БИЗНЕСИЙНХЭН САЙН БОЛОВСРУУЛСАН, ИТГЭЛ ДААХУЙЦ, АЖИЛ ХЭРЭГЧ ТӨСӨЛ САНАЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-Манай бүсийг бүхэлд нь сонирхсон томоохон бизнесмэн, хөрөнгө оруулагчид боао форумд цугладаг. Энд зөвхөн БНХАУ-тай худалдаа хийх тухай биш том зургаар хардаг бизнесүүд ирсэнд баяртай байна. Япон, Солонгос, Пакистан, Малайз, Унгар зэрэг олон улсаас төлөөлөл ирсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн энэхүү форумын даргын хувиар хүрэлцэн ирсэн нь энэ хурлын цар хүрээг тодорхойлж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрч ирсэн энэ цаг үед бид бизнес эрхлэгчдэдээ шинэ зах зээл нээж, хөрөнгө оруулалт татах боломж энэ форумаар олгосноороо чухал ач холбогдолтой. Хөрөнгө оруулагчдад ч манай бизнесүүдийн хөгжлийг нүдээрээ харж, бодит байдалтай танилцах боломж юм. Манай бизнесийнхэн сайн боловсруулсан, итгэл даахуйц, ажил хэрэгч төсөл санал болгох хэрэгтэй. БНХАУ бол манай улсын худалдаа, эдийн засгийн чухал түнш.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ПОПУЛИЗМ НӨЛӨӨЛЖ БАЙНА
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:
-Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийг судлахаар ирсэн бизнесийнхэнд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тайлбарлан, таниулах шаардлагатай. Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын онцлог бол бүс нутгийн хамтын ажиллагааны үр дүнд бий болдог. Зөвхөн өөрөө хөгжиж дэвших биш бүс нутагт хөрш зэргэлдээ оршин тогтнож байгаа улсуудын хамтын ажиллагаанд бүгдээрээ хожих зарчмаар урагшлах ёстой. Түүхий эдийн арвин их нөөцтэй Монгол Улс Ази тивийн бусад улстай хамтран ажиллахыг эрэлхийлж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Боао форумын дарга Бан Ги Мүн дэлхий нийтэд өрнөж буй худалдаа, эдийн засгийн тэнцвэргүй байдалд санаа зовниж буйгаа хэллээ. Монголд яг ийм үзэгдэл болж байна. Монгол Улсын эдийн засгийн гадаад болон дотоодод нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол хэт нэг талыг барих буюу популизм газар авсан явдал юм. Популизм бол улс орны хөгжлийг хойш нь татдаг, хурдыг удаашруулдаг, эдийн засгийн тэлэлтийг зогсоодог сөрөг талтай. Зөвхөн бүс нутгаар бус дэлхий нийтэд газар авч байгаа популизмын хор хөнөөлөөс зайлсхийж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Үүнд боао форум үнэтэй хувь нэмэр оруулах юм.
УЛАМЖЛАЛТ БУС СОРИЛТУУД ЭДИЙН ЗАСГИЙН ИРЭЭДҮЙГ ЭРС ӨӨРЧИЛНӨ
Боао форумын дарга Бан Ги Мүн:
-Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлснээс хойш яг 10 жилийн дараа, дахин нэг уулзвар дээр ирээд байна. Даяаршлаас гэнэт огцом ухарч, популизм, протекционизм өсөн нэмэгдсэнийг гэрчилж буй энэ үед, дэлхий даяар засаглалд бэрхшээл тулгарч байна. Нэг талыг баримталсан зарчим нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд дарамт шахалт үзүүлсэн бол, худалдааны протекционизм нь чөлөөт худалдааны олон талт тогтолцоог сүйтгэж байна. Үүнээс гадна цөмийн аюулгүй байдал, геополитикийн мөргөлдөөн, террорист халдлага, дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлыг хараахан үр дүнтэй шийдвэрлэж, хяналтаа тогтоож чадаагүй байна. Эдийн засаг нь шинэчлэгдэн хөгжиж буй орнууд дотоод тэнцвэргүй байдал, гадаад цочролд өртөмтгий байдаг. Азийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.5 хувь байснаас 2019 онд 6.3 хувь, 2020 онд 6.4 хувь болж буурна. Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, дижитал цахим хуваагдал зэрэг уламжлалт бус сорилтууд нь ази, дэлхийн эдийн засгийн ирээдүйг эрс өөрчилж болзошгүй юм.
НӨӨЦ БАЯЛГИЙН ДАВУУ ТАЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА
Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодонг:
-Дэлхий нийт урд өмнө хэзээ ч байгаагүй олон талт бодлого барихыг шаардаж байна. Азийн улс орнууд хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах нь дэлхийн тогтвортой байдалд нэн чухал болоод байна. Далайд гарцгүй Монгол Улсад энэ форум зохион байгуулагдаж байгаа нь нөөц баялгийн давуу талыг эдийн засгийн хөгжилд ашиглахад чиглэнэ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт зургаан хувиас дээш гарах хандлагатай байна. “Хөгжлийн зам” хөтөлбөрийг боловсруулан гаргаж, Хятад, Монгол, Орос орныг авто болон төмөр зам, газрын тос, байгалийн хийн хоолой, цахилгаан эрчим хүчний сүлжээгээр холбосон үндэсний стратеги болгожээ. Бүс нутгийн хатуу болон зөөлөн дэд бүтэц, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг дэмжих зорилготой энэ хуралд хятад болон бусад орны нэр хүнд бүхий бизнес эрхлэгчдийг урьж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.
НӨХӨРСӨГ ХАРИЛЦААНД ХАМТЫН АЖИЛЛАГАА ИДЭВХЖИНЭ
Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн тэргүүн Менг Шиаосу:
-Хятадад “гэртээ байхдаа эцэг эхээ түшиж, гэрээс гараад найз нөхдөө түших” гэсэн үг бий. Би Монголд хагас жилийн дотор гурван удаа ирж, төр, хувийн хэвшлийн олон байгууллагын удирдлагуудтай уулзаж танилцсаны дотор УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан нартай нөхөрлөсөн. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нартай уулзах завшаан тохиож байлаа. Сая энэ хурлын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах завшаан тохиолоо. Бидэнд энэ олон найз нөхөд байгаа учир хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа амжилттай явна гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны удирдлагуудын дэмжлэг болоод ард түмний хамтын хүчин чармайлтаар хамтын ажиллагаа идэвхжиж, хөгжил илүү цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна.