Хятадын Төв банк дараалан 23 дахь сардаа алт худалдан авч, тус улс түүхэндээ хамгийн их хэмжээний үнэт металл импортолсоор байна. Худалдан авалтын энэхүү эрчимтэй давалгаа нь Бээжин ам.доллароос хамаарах хамаарлаа бууруулах гэсэн эрмэлзэл болон эдийн засгийн хүндрэлтэй үед Хятадын өрх гэрүүдэд эрсдэлгүй хөрөнгө оруулалтын өөр сонголт хомс байгааг харуулж байна. Шинжээчид цаашид ч алтны эрэлт тогтвортой хадгалагдана гэж таамаглаж байна.
Хятадын Гадаад валютын улсын газрын (SAFE) мэдээгээр, Хятадын Ардын банк (PBOC) 9 дүгээр сард ойролцоогоор 23 тонн алт нөөцөндөө нэмж нэгтгэсэн нь сүүлийн гурван жил орчмын хугацаан дахь нэг сарын хамгийн өндөр худалдан авалт боллоо. Энэ нь 2015 оноос хойших хамгийн урт хугацааны тасралтгүй худалдан авалтын цувралыг үргэлжлүүлж байна.
Гаалийн мэдээллээс үзвэл, Хятадын өрх гэрүүд болон компаниуд алтыг эрсдэлээс хамгаалах аюулгүй түүхий эд гэж үзэх болжээ. Тус улс 2026 оны эхний найман сарын байдлаар 1,000 гаруй тонн алт импортолж, рекорд амжилт буюу 158.8 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ нь 2025 онд бүтэн жилийн турш импортолсон 886 тонн буюу 96.5 тэрбум ам.доллароос хэдийнээ давсан үзүүлэлт юм.
“State Street Investment Management”-ийн алтны стратегийн хэлтсийн тэргүүн Аакаш Дошигийн онцолсноор, энэ оны эхний найман сард Хятадын хэрэглэгчдийн алтны импорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Тус улсын дотоодын зах зээл дэх алтны нэмэгдэл үнэ (premium) огцом өссөн нь “өвөл цагийн авах эрэлт нэмэгдэж байгааг” харуулж байна гэж А.Доши хэлэв.
Алтны үнэ буурсан үетэй тус улсын худалдан авалт давхацсан юм. Өнгөрсөн нэгдүгээр сард нэг унци нь 5,500 ам.доллар давж рекордолж байсан алтны үнэ 9 дүгээр сард 8 гаруй хувиар буурч, ойролцоогоор 4,176 ам.доллар болж хямдарсан билээ. Сэргэг эрэлтэд тугуурлан А.Доши 2027 оны нэгдүгээр улирлын эцэс гэхэд алтны үнэ нэг тропийн унци нь 4,750-аас 5,500 ам.доллар болж өснө гэж таамаглаж байна.
БНХАУ яагаад алт хуримтлуулж байна вэ?
“Julius Baer Group”-ийн шинжээч Карстен Менкегийн үзэж байгаагаар, Хятадын Ардын банкны гол мотив нь геополитикийн шалтгаантай аж. Тэрээр “Ам.долларыг хориг арга хэмжээний зэвсэг болгон ашиглаж буй өнөөгийн нөхцөлд АНУ-ын Төрийн сангийн бондоос нөөцийн хөрөнгө хэлбэрээр хамаарах хамаарлыг бууруулах сонирхол” нөлөөлж байгааг онцоллоо.
Өрнөдийн орнууд 2022 онд Оросын Төв банкны гадаад дахь хөрөнгийг царцаасан нь геополитикийн сөргөлдөөний үед гадаадад байршуулсан нөөц хураагдах эрсдэлтэйг сануулсан бөгөөд орон нутгийнхаа агуулахад хадгалагдаж буй алт энэ эрсдэлээс бүрэн хамгаалагддаг. АНУ-ын Сангийн яамны мэдээгээр, Бээжин гадаад валютын нөөцөө төрөлжүүлэх бодлогоо үргэлжлүүлж байгаа бөгөөд Хятад улсын эзэмшиж буй АНУ-ын Төрийн сангийн бондын хэмжээ 7 дугаар сард сүүлийн 18 жилийн хамгийн бага түвшинд хүртэл буурч, 618 тэрбум ам.доллар болжээ.
Үүнээс гадна алт нь эрсдэлгүй найдвартай хөрөнгө гэдгээрээ Хятадын хэрэглэгчдийг татаж байна. Эдийн засгийн тодорхойгүй байдалд сэтгэл дундуур байгаа хэрэглэгчид алтан эдлэл, гулдмай болон зоосыг их хэмжээгээр худалдан авч байна.
Дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд өмнө нь өрхийн баялгийн гол тугуур болж байсан үл хөдлөх хөрөнгийн салбар олон жилийн турш унаж байгаа тул хөрөнгө оруулах өөр боломж хомс байна. Дотоодын хөрөнгийн биржийн “CSI 300” индекс энэ онд орчим 8 хувиар буурсан бол АНУ-ын “S&P 500” индекс 13 хувийн өсөлттэй байна. Мөн зээлийн эрэлт сул байгаатай холбоотойгоор банкны хадгаламж болон бондын өгөөж буурчээ. Хятадын Засгийн газрын 1 жилийн хугацаатай бондын өгөөж 1.2 хувь хүртэл буурсан бол АНУ-д энэ үзүүлэлт 4.46 орчим хувьтай байна.
Бээжин дотоодын алтны зах зээлээ улам бүр гүнзгийрүүлэхээр төлөвлөж байгаа нь алтны нөөцөө дахин зузаатгахад хүргэж, энэхүү түүхэн худалдан авалтын эрчийг улам нэмэгдүүлж байна гэж К.Менке нэмж хэлэв. Түүний тооцоолсноор Хятадын Төв банк энэ оны 8 дугаар сарын эцэс гэхэд ойролцоогоор 190 тонн алт худалдан авсны 110 тонныг тайлагналгүй нууц байдалд авчээ.

