Түргэн хоолны гигант “McDonald’s” компани дараагийн өсөлтийн шатаа тахианы махан бүтээгдэхүүн болон ундааны салбарт тулгуурлан өрнүүлэхээр төлөвлөж байгаа ч хэрэглэгчдийн зарцуулалтын сүүлийн үеийн мэдээлэл тус чиглэлээр мэргэшсэн өрсөлдөгчдөөс зах зээл авах амаргүйг харууллаа.
Есдүгээр сард болсон хөрөнгө оруулагчдын өдрөөр тус компани 2030 он гэхэд тахианы мах болон ундааны дэлхийн зах зээлийн эзлэх хувиа тус бүр 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Энэ нь үхрийн махан сүлжээнээс хальж, бизнесээ тэлэх томоохон боломж гэж тэд үзжээ.
“McDonald’s”-ийн Гүйцэтгэх захирал Крис Кемпчински эдгээр зах зээлийн далайц нь тэдний өсөх боломжийг илтгэж байна гэдгийг онцолсон юм. Тэрээр “Тахианы махан хоолны салбар бол 130 тэрбум ам.доллароор хэмжигдэх зах зээл бөгөөд бид одоогоор 20 орчим хувийг нь эзэмшиж байна. Ундааны салбар 230 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаагаас манайх 10 хувийг эзэлж байна. Харин 50 тэрбум ам.долларын дэлхийн үхрийн махан хоолны салбарт бид хэдийнээ 40 орчим хувийг эзэмшиж байгаа тул эхний хоёр чиглэлд өсөх орон зай хавьгүй их” хэмээн мэдэгджээ.
Гэвч зээлийн болон дебит картын гүйлгээнд шинжилгээ хийдэг “Consumer Edge” байгууллагын эксклюзив мэдээллээс харахад “McDonald’s”-ийн үйлчлүүлэгчдийн мөнгийг тахианы мах болон кофе, ундааны чиглэлээр мэргэшсэн бусад сүлжээнүүд түлхүү татаж байна.
Тухайлбал, “McDonald’s”-ийн үйлчлүүлэгчдийн түргэн хоолны салбар дахь зарцуулалтаас “Chick-fil-A” сүлжээ гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 0.58 нэгж хувиар илүүг авч, “Consumer Edge”-ийн судалгаанд хамрагдсан сүлжээнүүдээс хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ.
Кофены сүлжээнүүд ч мөн “McDonald’s”-ийн үйлчлүүлэгчдийг өөртөө татаж байна. Зөвхөн авто машиндаа сууж үйлчлүүлдэг “7 Brew” сүлжээ 0.4 нэгж хувийг нэмж авсан бол “Starbucks”, “Dutch Bros. Coffee”, “Dunkin’” зэрэг сүлжээнүүд шилдэг 10-т багтжээ. Эдгээр кофены 4 сүлжээ нийлээд хэрэглэгчдийн зарцуулалтын 0.88 нэгж хувийг эзэлсэн байна.
“McDonald’s” нь түргэн хоолны салбарт нэг багц зарцуулалтаар хамгийн том сүлжээ хэвээр байгаа ч өмнөх оноос зах зээлийн эзлэх хувь нь буурчээ. Харин “Restaurant Brands International” компанийн эзэмшдэг “Burger King” хувьдаа 0.24 нэгж хувийн өсөлт үзүүлсэн нь бургэрийн сүлжээнүүд дундаа хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
“Хүмүүс мөнгөө юунд зарцуулахаа илүү сонгож, хариуцлагатай хандах болсноор түргэн хоолонд гаргах хумигдмал төсвийн төлөөх өрсөлдөөн ширүүсэж байна” гэж “Consumer Edge”-ийн ахлах дэд ахлагч Майкл Гантер ярив. Гэхдээ уг мэдээлэл нь кассан дээр үйлчлүүлэгчид яг ямар бүтээгдэхүүн авч байгааг тусгадаггүй тул өрсөлдөөний дүр зургийг хэсэгчлэн харуулж байгааг тэрээр сануулсан бөгөөд “Үйлчлүүлэгчдийг сонирхолтой сонголтоор татаж чадвал ‘McDonald’s’-ийн стратеги амжилттай болж чадна” хэмээн нэмж хэлэв.
Нөгөөтэйгүүр борлуулалтын сааралттай тулгарч буй “McDonald’s”-ийн удирдлагууд гуравдугаар улирлын сүүлчээр эерэг өөрчлөлт ажиглагдсаныг мэдэгдсэн. 7 болон 8 дугаар сард АНУ дахь ижил цэгийн борлуулалт үл ялиу бууралттай байсан ч 9 дүгээр сард эргэн өснө гэж тооцоолсон юм. “Consumer Edge”-ийн мэдээлэл ч мөн 9 дүгээр сард орлогын бүх бүлэгт “McDonald’s”-ийн зарцуулалтын бууралт хумигдсаныг харуулжээ.
Уолл Стрит ч мөн тахианы мах болон ундааны стратеги хэр хурдан ашиг тусаа өгөхөд эргэлзэж байна. “Bernstein”-ий шинжээч Данило Гаржуло АНУ-д нэвтрүүлсэн ундааны шинэ цэсүүд ерөнхий борлуулалтын сул байдлыг нөхөх хэмжээний орлого оруулаагүй, мөн гараар бүрсэн болон шарсан тахианы махтай шинэ платформ ашиглалтад ороход түүний төсөөлснөөс илүү хугацаа шаардагдахаар байгааг тэмдэглэжээ.
“Компанийн өсөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ бидний хүлээлтээс давж, ойрын хугацааны ашигт ажиллагаанд дарамт шахалт үзүүлж байна” гэж Гаржуло бичсэн байна. Тус компани хувьцаанд нь “market perform” үнэлгээ өгч, зорилтот үнийг 295 ам.доллароор тогтоожээ. “McDonald’s”-ийн хувьцаа Баасан гарагт 235 ам.доллар орчимд хаагдсан байна.

