УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, тодруулга авсан. Тухайлбал,
УИХ–ын гишүүн Ш.РАДНААСЭД:
-Говь-Алтай аймагт барилгын цэргийн анги байгуулах шийдвэр гаргаад таван жил болж байна. ЗХЖШ-ынхан очоод үздэг, судалдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл байгуулаагүй байна. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлвэл хэрэгжүүлээд хэрэгжүүлэхгүй бол болохгүй юм байна гээд нэг мөр болгомоор байна. Энэ асуудалд шинэ дарга онцгой анхаараач гэж хэлмээр байна. Хоёрдугаарт цэргүүдийн амь настай холбоотой асуудал. Цэргийн алба хааж байхдаа амиа алддаг. Эцэг эх, ах дүү нар нь эр хүн болоод ир гээд явуулдаг, хүн нь биш зураг нь ирж байна. Хэвлэлээр мэдэгдэж байгаа нь энэ. Мэдэгдэхгүй өнгөрч байгаа нь хэд бол? Хууль зүйн яаманд ажиллаж байхад гэмтэж бэртсэн, амиа алдсан өргөдөл ирдэг байсан. Энэ тал дээр онцгой анхаараарай. Тоолж үзвэл ямар тоо гарах бол. Аавын хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад онцгой анхаараарай. А.Ганбат дарга ямар шалтгаанаар ажлаа өгснийг тодруулж үзмээр байгаа юм. Эрүүл мэнд үү, улс төр үү. Цэргийн алба бол тоглоомын алба биш шүү.
ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.ГАНЗОРИГ:
-Цэргийн алба хаагчид улс төрөөс ангид байх дүрэм, хууль бий. Таны ярьж буй “Эх орон дуудахад нэгдэхэд бэлэн байна” гэдгийг сошиалд алба хааж байгаа хүн ингэж бичсэн гэж бодохгүй байна.
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД:
-Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч. ЗХЖШ-ын даргыг халах, солихдоо өөрөө шийддэг. Ингэхдээ УИХ-тай зөвшилцдөг. Д.Ганзориг нь цэргийн удирдлагын дээд байгууллага, цэргийн ангид ажиллаж байсан. Мэргэжил, туршлага зэргээрээ шаардлагуудыг хангасан хүн. Тиймээс Батлан хамгаалахын сайдын хувьд дэмжиж байгаа. Хуулиараа хоёр удирдлагатай ажилладаг хүн. Тодруулбал, ЗХЖШ дарга нь БХ-ын сайд болон ЗХ-ний Ерөнхий командлагчийн удирдлага дор ажилладаг.
Үндсэн хуулиараа батлан хамгаалах салбар бол иргэний удирдлагатай салбар. БХЯ-ны хийх гол ажлын нэг нь цэрэг иргэний харилцааг бэхжүүлэн, иргэний хяналтыг сайжруулах, алба хаагчийн нийгмийн хамгаалал, хүний эрхийн хамгаалалд онцгой анхаарах чиглэлд ажиллах ёстой. Тиймээс ЗХЖШ-тай хамтран хяналтын тогтолцоонд давхардал их байсныг шинэ тушаал баталсан. Цэргийн мэргэжлийн байгууллага мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Яам нь иргэн-цэргийн харилцаа, санхүүгийн хяналт цэргийг хариуцан ажиллах чиглэлийг тодорхой болгосон гэв.
Улмаар гишүүд асуулт асууж дууссаны дараа ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжсэн юм.