Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган энэ 7 хоногт нээлтээ хийлээ. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын зургаан орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Нийслэлийн харъяа газар, агентлагийн дарга нар цахимаар оролцов.
Хаврын чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтэд оролцож, хэд хоногийн өмнө олон нийтэд хандаж гаргасан уриалгаа дахин танилцууллаа.
Чуулганы энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
Яармагт шинээр баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэг удахгүй ашиглалтад орно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд дэлхийн 40 гаруй улс орнуудтай Улаанбаатар хот ах дүүсийн харилцаатай хамтран ажилладаг бөгөөд эдгээр хотуудтай Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож байгаа талаар дурдлаа. Өнөөгийн байдлаар Нью-Йорк хотод халдвараар өвчлөгчдийн тоо хоёр дахин нэмэгдэж байгаа нь иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа учраас иргэдийг амны хаалтыг байнга хэрэглэж, хувийн ариун цэврээ сайтар хангахыг уриаллаа. Тэрбээр хэлэхдээ “Иргэдийг тоо баримтаар айлгаж, сэтгэл санаагаар зовоохоос илүүтэйгээр бодит мэдээллийг өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хурдан шуурхай авч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолж хэлсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан Covid-19 халдвараас үүдэж, иргэн аж ахуй нэгжийн орлого тасарч эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа инженерийн байгууламж хариуцсан аж ахуйн нэгжүүдэд тог цахилгааныг тасалж, төлбөр тооцоо нэхэж иргэдэд дарамт шахалт үзүүлэхгүй байхыг уриаллаа. Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, Таван толгой түлш ХХК-д үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний түгээлт борлуулалт, угаарын хийнээс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилласан бөгөөд үргэлжлүүлэн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдалд илүү цагаар үр дүнтэй ажилласан нийт 43 байгууллагын 2098 албан хаагчидад 855,9 сая төгрөгийн урамшуулалыг нийслэлээс олгосоныг Хотын дарга мэдээлэлдээ дурьдлаа. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа өнгөрөгч 04 сарын 01-ний өдрөөр дууссантай холбоотойгоор цаашид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих, сайжруулсан шахмал түлшний борлуулалт, нийлүүлэлтийн асуудлыг дүүргүүдийн Засаг дарга нар бүрэн хариуцан ажиллах талаар дуулгалаа. Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол орчимд баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтад оруулахаар болсон тухай мэдээллийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд хандан хүргэлээ. Тус эмнэлгийн хувьд одоогийн байдлаар барилгын явц нь 95 хувьтай байгаа бөгөөд холбогдох яамдуудтай хамтран ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар болж байгаа тухай таатай мэдээллийг өглөө.
Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ
Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар газар дээр нь очиж ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн шугамд холбох, халуун хүйтэн усаар хангах боломж бзүрдэж байгаа аж. Даралт өргөх насос станцыг “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Нийслэлийн захиалгаар Азийн хөгжлийн банк, нийслэлийн хамтарсан санхүүжилтээр Janghan engineers, KFDHEC болон Одкон холидинг компанийн түншлэлээр барьжээ. Одоогийн байдлаар станцид туршилт тохируулгын ажлыг хийж байгаа бөгөөд 1100 м.куб усыг 60 метрийн өндөрт өргөх хүчин чадалтай юм байна. Даралт өргөх насос станц нь Баянхошуу хэсгийн өндөрлөг цэгт байрлаж байгаа айл өрхүүдэд дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах зорилготой бөгөөд үндсэн хоёр насос, нөөцийн нэг насос ажиллана хэмээн “Одкон холдинг” компанийн дулаан хангамжийн инженер Б.Золбаяр тайлбарлалаа. Тэрбээр “Станцын аюулгүй байдлыг хангасан бүрэн тохируулгын ажил хийгдэж дууссан. Баянхошуу дэд төв хүртэл 3,2 км зайд оршиж байгаа учраас Баянхошуу дэд төв төвлөрсөн дулааны шугамд бүрэн холбогдож байна. Төвлөрсөн шугам дагуу газар чөлөөлж орон сууцны хороолол барих, гэр хорооллын айл өрхүүдэд төвийн дулаанд холбох боломж бүрдсэн, зөвхөн крант нээхэд хэрэгжихэд бэлэн болсон” гэдгийг Хотын захирагч С.Амарсайханд дуулгав.
Төрийн олон талт үйлчилгээг гэр хороолын иргэд дэргэдээсээ авна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Хотын Захирагч хэдэн сарын өмнө энд ажиллахдаа “Бизнес Инкубатор” сургалтын төвийн барилгын гүйцэтгэгчид хандан хана, хаалга, хаалганы бариулаас шалны хулдаас хүртэл чанаргүй, стандартад нийцэхгүй материалаар хийсэн байгааг нэн даруй солих, чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр өөрчлөх үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу Баянхошуунд анх удаа төрийн нэг цэгийн үйлчилгээ бүхий бизнес инкубатор төвийн дотоод тохижилтын ажлыг чанар стандартын шаардлага хангасан материалаар гүйцэтгэгч компани хийж, бүрэн тохижуулсан байв.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд “Бизнес Инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаа жигдэрч, иргэдэд үйлчлэх сургалтын төвүүд, нэг цэгийн үйлчилгээний танхимууд бэлэн болсон байна. Шинэ коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон учраас одоохондоо зарим үйл ажиллагаа зогссон. Хөл хорионы дараа бүх ажил хэвийн үргэлжилнэ” гэдгийг Хотын Захирагчид хэллээ.
Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг. Гандангийн дэнжийн гэр хорооллыг бүрэн бохир, цэвэр ус, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбохоор улс, нийслэлийн төсвөөр Орхон хэсгийн Ус дулаан дамжуулах төв-1, Туул хэсгийн Ус дулаан дамжуулах төв-4, Орхоны 3,4,5,7,10 дугаар гудамжуудын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ хийгдэж байгаа ба Орхоны 1 дүгээр блокийн бусад гудамжуудын дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 2020 онд бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ажлын явцыг эрчимжүүлж, шаардлагатай техникийн нөхцөл авах, зураг төслийн ажлын газар дээр нь шийдвэрлэхээр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Орон сууц, дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Цолмон, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ны холбогдох албаны хүмүүс Гандантэгчинлэн хийд орчмын байршлуудад ажиллалаа.
Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ
Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол Налайх дүүрэгт боллоо. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо. сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүрэгт л гэхэд 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болж, иргэдийн ажил амьдралд томоохон хувь нэмэр оруулах юм. Түүнээс гадна нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо гарсан гэдгийг Ерөнхий сайд онцолж хэлэв. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохдоо төмөр зам, авто зам, цахилгаан сүлжээ, эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэжээ. Жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийн барилга, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм байна.Түүнчлэн шинээр барих үйлдвэр жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн есөн дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн үлдсэн 50 хувийг бүрэн хангаснаар 2020-2021 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг одоогийн байгаа дээр нэмээд 20-30 хувиар бууруулах боломжтой аж.
Хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчилнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдааны эхэнд Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцууллаа.Олон нийтийн цагдааг Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу 2014 оноос эхэлж ажиллуулж эхэлсэн бөгөөд тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-д зааснаар олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл ногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох чиг үүрэгтэй байна.
Шинэ коронавирус болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор нийслэлд ажиллаж байгаа хэсгийн ахлагчийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллах олон нийтийн цагдаагийн тоог 1700 байхаар шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулан хүргүүлж байгаа аж. Зөвлөлийн гишүүд уг журамд орж буй нэмэлт өөрчлөлтүүдэд санал солилцоод нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ажиллалаа. Энэ үеэрээ тус паркийн чиглэлд баригдаж буй хүнд даацийн автомашин зорчих авто замын ажлын гүйцэтгэлийг шалгав. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн. Уг замыг 40 метр өргөн, 30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм. Өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан, зам дагуух ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замын ажил хийгдэж байна. Зургаадугаар сарын 15 гэхэд ажил дуусна гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс Хотын Захирагчид хэллээ.
Нийслэлийн төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цахимаар мэдээлэл хүргэлээ. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдалд гамшиг ослын 68 дуудлага ирсэн бөгөөд үүнээс 50 орчим хувь нь шар өвс шатааснаас гал алдсан дуудлага байжээ. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан байна. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас зургаадугаар сарын 10 хүртэл хоригложээ. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдал, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж ажиллаж байгаа аж. Эдгээр албан хаагчид ирэх зургаадугаар сарын 10-н хүртэл хөдөлгөөнт эргүүл хийнэ. Дэлхийн олон улсад тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар халдвараар өвчилсөн 16 тохиолдол илэрсэн бөгөөд нийт 1484 иргэн ажиглалтад байгаа талаар , НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн. Нийт 4 иргэн бүрэн эмчлэгдэж гарсан. Гэхдээ тайвширч болохгүй үе учраас иргэд амны хаалтыг байнга хэрэглэж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар хангах шаардлагатай” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Covid-19 халдварын үед иргэд хувийн ариун цэврийг сайтар хангаж, эрүүл мэндийн газраас өгсөн зөвлөмж мэдээллийг дагаснаар томуу, томуу төст өвчлөлийн тоо эрс буурч байгааг дурдлаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс