Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн зургаадугаар сараас тохижилтын ажлыг хийж эхэлсэн.
Нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийж байгаа юм. Ажлын явц 90 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэд, олон нийтийг ая тухтай суух орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хийхдээ чанар, стандарт анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн иргэдийн аюулгүй байх орчныг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах ёстой” гэдгийг хэлж байлаа. Мөн тэрбээр ирэх долоо хоногт ирж, ажлын явцыг дахин шалгана гэсэн юм.
Нийслэлийн Хот, тохижилтын газрын дарга Г.Эрдэнэбаатар “Тохижилтын ажлыг бид гэрээт хугацаанаас өмнө хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Одоогоор цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Ногоон байгууламж бүхий энэ талбайд нийт гурван төрлийн 450 орчим модыг нэмж суулгасан байгаа. Иргэдийн амарч тухлах сандалыг мөн хийж өгч байна” хэмээлээ.