Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Оюу толгой” ХХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурна
“Оюу толгой ХХК”-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулах талаар холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа.
Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс хангах “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний төслийг эцэслэн боловсруулж дуусчээ. Засгийн газрын хуралдаанаас гэрээг баталгаажуулж, үзэглэх эрхийг өгсөн байна. Өнөөдөр гарын үсэг зурна.
Гэрээ байгуулагдсанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг барьж байгуулах төслийн санхүүжилтэд чухал нөлөө үзүүлэх бөгөөд жил бүр 173 сая ам.долларын импортын цахилгааныг дотоодоос худалдан авснаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх юм.
Замын-Үүд боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 816 чингэлгээр 13496 тн ачаа татаж аваад байна
Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13496 тн чаа татаж аваад байна. Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна. Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Ханги-Мандал боомт дээр чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судалж байна.
Ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Мэргэжлийн байгууллагууд коронавирусын тархалт энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхний арав хоногт оргил үедээ хүрнэ тооцоолж байна. Иймд сурагчдын амралтыг долоо хоногоор ирэх хоёрдугаар сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.
МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.
2022 оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины III тунд цэцэрлэгийн багш нарын 78.7, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3, их, дээд сургуулийн багш нарын 58 хувь нь тус тус хамрагджээ.
Мөн 12-15 насны хүүхдийн 77.5, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байна.
Товч мэдээ
· Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцыг Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавраар үүрэг болгосон хөгжлийн хязгаарлагч хүчийн зүйлсийг шийдвэрлэх ерөнхий цогц төлөвлөгөөг үүрэг өгсөн хугацаанд боловсруулж, танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
· “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг баталлаа. Тус газар нь шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, Засгийн газрын харьяа байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын оролцогч талуудыг уялдаатай, үр дүнтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй байна.
· Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оролцсон талаар танилцуулга хийлээ. Гүний уурхайн огтлох малталтын анхны тэсэлгээг хийснээр үйл ажиллагаа нь эхэлж, гүний уурхайг 2023 оны эхний хагаст ашиглалтад оруулах бодит нөхцөл бүрдлээ.
· Газрын тосны бүтээгдэхүүний импортын олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хилийн зурваст дахь (хавсралтаар заасан) байршил, газрын хилийн заагийн солбицол, талбайн хэмжээ бүхий газруудыг газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих агуулах барих зориулалтаар ашиглахыг зөвшөөрлөө.
· Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулга хийлээ.
– Төмөр-Очирын Ням-Очирыг Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо.