Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 16-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаар сард эхэлнэ
Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна. Танилцуулгатай холбоотойгоор нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жил 0-18 насны хүүхдүүдийг ч мөн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамруулахаар нэмлээ. Насанд хүрэгчид 23, хүүхдүүд 15 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдана.
2022 онд өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагаанд 60,8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, даамжруулахгүй эмчилж, сэргийлснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад эмнэлгийн ачаалал багасгах, улсын орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтой юм.
Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна
Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, тус яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэлээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт тодорхой болж, хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалт болон бусад салбаруудтай холбох зэрэг ажлыг шинэ агентлаг гүйцэтгэнэ. Мөн хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь болон Каннын кино наадамд оролцоно
Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь, Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг Каннын кино наадамд тус тус оролцох нь зүйтэй гэж үзлээ.
Зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2022 оны Соёлын сайдын төсвийн багцаас, 2023 оноос улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хандив тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч, зохион байгуулалт, мэргэжлийн өндөр түвшинд оролцож, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг олон улсын энэхүү биеннальд манай улсаас 2015, 2017, 2019 онд оролцож байсан бөгөөд холбогдох төрийн бус байгууллага нь оролцох эрх, санхүүжилтийг хувийн хэвшил, олон улсын байгууллага болон бусад хандивын эх үүсвэрээс бүрдүүлэн, зохион байгуулж иржээ.
Каннын кино наадамд монгол уран бүтээлчдийн кино 2017, 2021 онд тус тус шалгаран оролцож байжээ.
Товч мэдээ
· Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал, “Бээжин 2022” өвлийн XXIV олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
· Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар боллоо. 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
· Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, дүрмийг баталлаа. Зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталснаар хэмжлийн нэгж, түүний эталоныг бий болгох, хөгжүүлэх, нэгж дамжуулалтыг хангах зэрэг төрийн чиг үүргийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарна гэж үзэж байна.
· Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын “Макс фаундейшн” төрийн бус байгууллагын хооронд байгуулах хамтран ажиллах гэрээний төслийг хэлэлцэн дэмжээд гарын үсэг зурах эрхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт олголоо.
· Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.