2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Хөгжлийн банканд 43 зээлдэгчийн нийт 481,8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
Эргэн төлөлтийг зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 66,4 тэрбум төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 75,5 тэрбум төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 77,6 тэрбум төгрөг, бүрэн төлөгдөж хаагдсан ангиллын төлөлт 262,3 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна. Үүнээс “Кью Эс Си” ХХК 191,120,985,745.00 төгрөг төлж, зээлээ бүрэн барагдуулсан байна.
“Кью Эс Си” ХХК-д “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээлийг олгосон байдаг.
“Кью Эс Си” ХХК нь зээлийн гэрээний хуваарийн дагуу эргэн төлөлтөө 2018 оны 6 сараас эхлэн тасалдуулж төлбөрийн зөрчил үүссэн. МУХБ-ны зүгээс Монгол Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр маргааныг шийдвэрлүүлэн, 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улсын дээд шүүхээс “Кью Эс Си” ХХК нь 191,120,985,745 /нэг зуун ерэн нэгэн тэрбум нэг зуун хорин сая есөн зуун наян таван мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан МУХБ-нд олгохоор шийдвэрлэсэн.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк нь Засгийн газар, АТГ, Прокурорын байгууллагатай хамтран ажиллаж, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгийн үр дүнд ийнхүү “Кью Эс Си” ХХК нь зээлээ бүрэн төлж, барагдууллаа.