Энэ бүсгүйг Ц.Цэндсүрэн гэдэг. Төрөлхийн харааны бэрхшээлтэй нэгэн. Хатуу ч гэсэн хорвоогийн жамыг хэцүү гэлтгүй туулж яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл.
Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн хойш суулгүй, харь орныг зорьж, эрдэм номын мөр хөөж, хайртай гэр бүлийнхээ төлөө өнөөдрийг хүртэл тэмцэж яваа бахархаж, хүндэлмээр энэ эмэгтэйг “ТҮҮНИЙ ТУХАЙ“ булангийнхаа гурав дахь зочноор урьж ярилцлаа.
Түүнтэй хэсэг хугацаанд хөөрөлдөхөд л амьдралд ямар их хайртай, бусдад туслах чин сэтгэлтэй гэдэг нь харагдаж байлаа. Бага насаа бусдын л адил өнгөрүүлж, сэргэлэн цовоо, зоримог өссөнөө илэн далангүй ярьж байсан юм.
Тэрбээр сургуулиа төгсөөд сэтгүүлч мэргэжлээр сурч бүр ФМ радиод сэтгүүлч хийж явсан гайхалтай эмэгтэй. Яг л бусад сэтгүүлчийн адил мэдээ уншиж, дуу тамгалаж, захиалгат нэвтрүүлэг хөтөлдөг байсан гэгээхэн дурсамжаа зөөлөн инээмсэглэлээр илэрхийлнэ. Түүний нарийхан, уянгалаг хоолойг сонсох төдийд үнэхээр радиогийн хөтлөгч байсан нь илт. Магадгүй тэр үед түүний хоолойг сонсох дуртай сонсогчид бишгүй байсан болов уу гэх бодол төрж байв.
Түүний амьдрал маш олон өнгөтэй аж. Сэтгүүлч мэргэжил эзэмшсэний дараа Арлын Япон орон руу явж, сурч боловсрох азтай завшаан тохиожээ. Тэнд Ц.Цэндсүрэн бүсгүй бариа засалч, зүү төөнүүрийн мэргэжлээр сурч, өдгөө бариа заслын төв нээж, амжилттай ажиллуулж яваа юм. Мэргэжилдээ үнэнчээс гадна чадварлаг бариа засалч. Удахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин, бариа засалчаар сургах эсвэл менежерээр авах туйлын зорилготой байгаа тухайгаа ч ярьж байв.
Гараа хумхин суухын оронд өөрийн хүч хөдөлмөрийг дайчилж, үр ашгаа хүртэж яваадаа туйлын баяртай байдаг гэнэ. Гэвч “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонжсон нүдээр харах хүмүүс их бий“ хэмээн сэтгэл дундуур ярих нь өнөө л бидний нэг нэгнээ ялгаварлан гадуурхах үзэл тэдний сэтгэлд ямар гүн сэтгэгдэл төрүүлдгийг харуулж байв.
Ц.Цэндсүрэн эгч зургаахан настай хөөрхөн хүүтэй. Амьдралынх нь утга учир, нүд нь болж ирсэн юм хэмээн хүүгээ ярьж баясна. Түүний хүү энэ жил нэгдүгээр ангид оржээ. Хичээлдээ маш их дуртайн дээр аливааг сурж мэдэх чин хүсэлтэй, сэргэлэн хүү байдаг аж. Арга ч үгүй биз. Ээж нь ч бас хичээнгүй нэгэн учраас хүү нь ч бас ээжийгээ дуурайжээ. Үнэхээр л харах нүд нь болж ирсэн гэлтэй. Хамаг л аз жаргал, хайр энхрийллийг хүүгээсээ мэдэрч, хүүдээ бүхнээ зориулж яваа энэ бүсгүйн амьдралын нэгээхэн хэсэгтэй танилцахыг хүсвэл “ТҮҮНИЙ ТУХАЙ“ нэвтрүүлгийн ээлжит дугаараас сонирхоорой.