Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн байгаль орчны газрын Гачуурт, Толгой, Төвийн хэсгийн байгаль хамгаалагчдад тусгай тоноглол бүхий автомашиныг гардууллаа.
Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд хүрээлэн буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг аюулгүй, эрсдэлгүй түргэн шуурхай байлгаж, байгаль хамгаалагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай тоноглол бүхий шатахуун бага зарцуулалттай “Suzuki Jimny” тээврийн хэрэгслийг Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба өнөөдөр гардуулан өгсөн юм. Энэ үеэр тэрбээр “Монгол улсын хэмжээнд бүртгэгдэж буй хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байна. Байгаль орчныг хамгаалах чиглэлд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зөрчлийн бууруулах, хохирлыг барагдуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтайгаа байнга хамтарч ажиллаж байгаа” гэв.
Нийслэлийн Байгаль орчны хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхсайхан “Нийслэлийн 9 дүүргийн 470 мянган га нутаг дэвсгэрийн байгалийн нөөц баялгийг хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулахад нэн шаардлагатай байгаа авто хэрэгслийг өнөөдөр хэсгийн ахлагч нарт гардуулж буйд талархалтай байна” гэлээ.
Мөн Гачуурт хэсгийн байгаль хамгаалагч Ц.Цогтбаатар “Нийслэлийн ногоон бүсээр өвлийн улиралд эргэлтээр явахдаа хувийн автомашинаа ашигладаг. Цас их хэмжээгээр орсон үед жижиг хувийн тэргээр зарим газарт хүрэх боломжгүй тул алхах үе ч цөөнгүй байсан. Харин туулах чадвар өндөртэй тээврийн хэрэгсэлтэй болгож буй нь бидний ажлыг ихээхэн хөнгөлж байна” гэсэн юм.
Нийслэлийн хэмжээнд ногоон бүсийн цаг уур, орчны өөрчлөлт, төлөв байдалд тандалт судалгаа хийх, ногоон бүс дэх иргэд аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүргийг Нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ