2022.01.20-2023.01.20
Монгол улсын Хөгжлийн банк зээлдэгчдийнхээ мэдээллийг олон нийтэд ил тод зарласан /2022.01.20/ өдрөөс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Тухайн үед банк нийт зээлийнхээ 55.3 хувийг “чанаргүй” ангилалд орж байгааг мэдээлж байлаа.
Нэг жилийн хугацаанд банк олон нийтийн хяналт дор Засгийн газар, хэвлэл мэдээллийн дэмжлэгтэйгээр хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж нэг их наяд гаруй төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, нийт 16 төсөлд олгосон зээлийг хаагаад байна. Мөн энэ хугацаанд банк “Самурай” бондын эх үүсвэрийг бүрэн төвлөрүүлж, олон улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгаллаа.
Хөгжлийн банк 2018-2022 оны хооронд нийт 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний 38 зээлийг шүүхэд өгсөн. Үүнээс 620.9 тэрбум орчим төгрөг буюу 22 зээлийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Эдгээр зээлийн 14 зээлийг шүүхийн анхан шатны шийдвэрээр, найман зээлийг шүүхийн ажиллагаагаар шийдвэрлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1,133.2 тэрбум төгрөгийн 16 зээлд шүүхийн хянан шалгах ажиллагаа хийгдэж байна.