Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв.
Уг компани нь нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, ашиглалтыг сайжруулах, түрээсийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засаг захиргааны 4 дүгээр байр буюу Улаанбаатар бизнес хөгжлийн төв, Нийслэлийн соёлын төв өргөөний А, Б корпус, Монголын хүүхдийн ордон, Хотын төв номын сангийн барилга байгууламжуудыг газар эзэмших эрхийн хамт балансаас балансад шилжүүлэн авсан. Энэ хүрээнд 2022 оны хоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны сул талбайг, 2022 оны наймдугаар сараас эхлэн Хотын төв номын сангийн сул талбайг тус тус түрээсийн гэрээгээр ашиглуулж эхэлжээ. Иймд компанийн дүрмийн 4.3 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх үйл ажиллагаа” болон “концессын үйл ажиллагаа” гэсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг шинээр нэмэх шаардлагатай байгааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг танилцууллаа.
“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв
“Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн танилцууллаа. “Энэхүү журмын өөрчлөлтөөр иргэдээс хамгийн их гомдол ирдэг асуудлыг шийднэ. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ авах, сургуулийн хүүхэд өгөх, авах хооронд түр байрлуулсан автомашиныг сануулга өгөхгүйгээр шууд ачдаг байдлыг өөрчлөх шаардлагатай талаарх саналыг иргэд олноор гаргажээ. Иргэдийн саналд үндэслэн судалгаа авч тухайн тээврийн хэрэгсэл анх удаа зөрчил гаргасан тохиолдолд сануулга өгөх, дараагийн удаа дахин зөрчил гаргасан тохиолдолд ачих, торгохтой холбоотой журмын өөрчлөлтийг боловсруулжээ. Түүнчлэн тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлэх төлөхөөр тусгасан байна. Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг журмын өөрчлөлтийг оруулж байна” гэв.
Харин Төлөөлөгч М.Говьсайхан түр саатуулах хашаанаас машинаа авах иргэн автомашины татвар, торгууль зэрэг бусад зөрчил, хураамжаа заавал төлсөн байх нь нэг зөрчилд давхар шийтгэл оногдуулж байгааг сануулсан юм. Замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувь нь татвар төлөөгүй байдаг бөгөөд түгжрэлийн 15-21 хувь нь зориулалтын бус газарт байрлуулсан тээврийн хэрэгслээс шууд хамаардгийг С.Адъяасүрэн тайлбарлалаа. Улмаар уг асуудлыг хурал дахь намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.
Товчхон:
- Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны модны үйлдвэрт түшиглэн байгуулагдсан “Үртсэн шахмал түлшний үйлдвэр”-ийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж хөрөнгийн төлбөрт тарьц, суулгац хүлээн авах асуудлыг Хурлын намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр боллоо.
- “Улаанбаатар спорт менежмент” ХК дүрмийн санг нэмэгдүүлэх талаар ИТХ-ын ээлжит 17 дугаар чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ. Уг байгууллага нь 2023 онд зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын наадам болон 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах ОУ-ын “Залуучуудын Ногоон Наадам”-ыг тус тус зохион байгуулна. Мөн хөл бөмбөгийн талбай, усан бассейн болон спорт комплексын барилгын ажил хийгдэж байгаа бөгөөд эдгээр газрын ашиглалт үйлчилгээг цаашид хариуцан ажиллах юм.
- Засаглал эрх зүйн шинэтгэлийн хороо 2023 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Нийслэлийн ИТХ-ын хорооноос албан бичгээр холбогдох хуулиудад ажлын хэсэгт оролцуулах тухай албан тоот явуулах, шинээр хэрэгжиж буй хуулиудыг сурталчлах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой Засаглал эрх зүйн шинэтгэлийн хорооноос холбогдох газруудад зөвлөмж хүргүүлэх гэсэн 3 ажлыг нэмж тусгалаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ