Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүлснээ Дрезден хотын Гаалийн Төв Газраас мэдээлээд буй билээ. Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тайлбар хийв.
Тэрээр: “Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Уг хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүн нь Монгол Улсаас Турк улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газарт ажилладаг болох нь үнэн.
Нэг дипломат ажилтан, нөгөөх нь жолооч. Уг хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй. Машин нь консулын албаны гэдэг нь үнэн” гэв. Монгол Улсаас Турк улсын Истанбул хот дахь суух Ерөнхий Консулаар Энэбишийн Мөнх-Очир ажилладаг бөгөөд консул Б.Энхмөнх, техник ажилтан Д.Адьяасүрэн, мөн жолооч нар ажилладаг ажээ.