Рио Тинто Монгол компани НЗДТГ-тай хамтран Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк”-ийн баруун жигүүр дэх 10.2 га газрыг ногоон байгууламж болгон тохижуулахаар ажиллаж буй. Тэгвэл энэ ажлын чухал хэсэг болох зураг төслийг хийж дуусгажээ.
Энэ тухай Рио Тинто компани: Манай “Паркаа хамтдаа бүтээе” төслийн багийнханд өнгөрсөн хагас жилийн хугацаанд 10 мянга орчим санал хүсэлт ирж, бид санал хүсэлтэд тулгуурлан тасралтгүй ажилласны үр дүнд “НОГООН” цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төслийг боловсруулж, батлууллаа.
Энэхүү зураг төсөл нь дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишгээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулж эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн харилцаанд эергээр нөлөөлөх, агаар орчны бохирдлыг бууруулах зорилготой.
Зурагт харагдаж буйгаар цэцэрлэгт хүрээлэнгийн 80 хувь нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой ногоон байгууламж, 20 хувь нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх тухлах талбай болон дасгал хөдөлгөөн хийх орчин буюу автомашингүй, хүүхдүүдэд ээлтэй, их хотын дуу чимээнээс хол байх шийдэлтэй.
Дэлгэрэнгүй зураг, төлөвлөгөөг албан ёсны вэбсайт болох www.parkrio.mn-д удахгүй байршуулах болно” гэв.