НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг дүгнэх дээд түвшний уулзалт”АНУ-ын Нью Иорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд эхэллээ. “Гамшигт тэсвэртэй ирээдүйг бүтээхийн тулд үйл хэргээ нэгтгэн гамшгийн эрсдэлийг бууруулна” уриатай зохион байгуулагдаж байгаа тус уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, НИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Баасансүрэн нарын албаны хүмүүс оролцож байна.
Анх 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн чуулганаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөр”-ийг 193 улсын саналаар баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тавьсан 7 зорилт, 4 тэргүүлэх чиглэлийг улс орнууд хэрэгжүүлж байгаа ч хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл тавьсан зорилтод хүрэхэд олон саад бэрхшээл тохиолдож байна. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан тогтвортой хөгжлийн олон асуудал, байгалийн гамшгаас үүдэлтэй олон эрсдэл буурахгүй байгаа юм. Мөн нийгмийн эрүүл мэндийн эрсдэл болох цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт, газар хөдлөлтөөс шалтгаалсан нас баралт, эдийн засаг, нийгмийн хохирол багасахгүй байгаа юм. Энэ удаагийн дээд түвшний уулзалтаар оролцогч 162 улс орны өндөр дээд түвшний төлөөлөгчид Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, тохиолдсон хүндрэл бэрхшээл, 2030 он хүртэлх хугацаанд НҮБ болон бусад олон улс, бүс нутгийн байгууллагуудаас анхаарвал зохих үйл ажиллагааны санал дүгнэлтийг хэлэлцэнэ.