Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.
-Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх үеэр яагаад мөнгөний бодлого хатуу байгаа вэ гэсэн нийтлэг асуултууд тавигдаж байсан. Монголбанкны зүгээс 2024 оны Монгол Улсын эдийн засгийн төлөвийн талаар ч өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл ерөнхий төлөвийг авч үзвэл, Төв банк ирэх онд ямар орчинд үйл ажиллагаа явуулах гэж байна вэ?
-Эдийн засаг тасралгүй сэргэж байгаа нь хэд хэдэн үзүүлэлтээс харагдаж байгаа бөгөөд энэ оны хувьд экспортын сэргэлтийг дагаад гадаад тэнцэл сайжирсан жил боллоо. Энэ нь эдийн засгийн үзүүлэлтүүдээс харагдаж байгаа. Илүү тодорхой хэлбэл, эдийн засгийн 6.9 хувийн өсөлтийн 3.4 нэгж хувийг уул уурхай бүрдүүлж байгаа. Энэ нь бараг тал хувь нь гэсэн үг. Нөгөө талаас үүнийг дагаад тээврийн салбар том дүнгээр өсөж байгаа. Тухайлбал, эхний гурван улирлын байдлаар 73 сая тонн ачаа тээвэрлэсний 80 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Энэ утгаараа энэ жилийн хувьд уул уурхайн салбар томоохон нөлөөтэй байсан нь харагдаж байна.
Түүнчлэн уул уурхайн салбарын өсөлтийг дагаад төлбөрийн тэнцэл дээр эерэг нөлөөллүүд гарч ирлээ. Эхний гурван улирлын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 700 сая ам.долларын ашигтай байгаа. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр гадаад тэнцэл дээр таатай нөхцөлүүд бий болсон байна гэсэн үг. Тийм ч учраас Монгол Улсын гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 4 тэрбум доллар байна. Энэ нь Монгол Улсын импортын 5-6 сарын хэрэгцээг хангах түвшин. Нөгөө талдаа төлбөрийн тэнцэл эерэг гарахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь Монгол Улсын урсгал данс сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа эерэг буюу 460 гаруй сая ам.долларын ашигтай гарсан явдал.
Үүнээс гадна уул уурхайн салбар, түүнийг дагасан валютын урсгал, төлбөрийн тэнцлийн ашигтай холбоотой эерэг нөлөөллүүд нь өрхийн хэрэглээн дээр мөн тусгалаа олж эхэлсэн. Өрхийн хэрэглээ өндөр өсөлттэй явж байгаагийн гол шалтгаан нь цалингийн өсөлтийн нөлөө. Ялангуяа өнгөрсөн жил инфляцад дарлуулаад бодит орлого нь унаж байсан өрхүүдийн хувьд эерэг болж эхэлж байгаа. Эдийн засгийн сэргэлтийг илэрхийлж байгаа бас нэг зүйл юу вэ гэхээр сүүлийн 8 улирал дараалан хүнсний бус хэрэглээ өсөлттэй гарч ирж байна. Нөгөө талдаа сүүлийн 3 улиралд хүнсний хэрэглээ тогтворжих буюу бага зэрэг агшсан байдалтай байгаа. Хүмүүсийн хэрэглээ хямралын хүнд үеийн дараа хүнсний хэрэглээнээс гадна хүнсний бус хэрэглээ рүү шилжиж байгаа дүр зураг ажиглагдаж байна.
-Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засагчидтай хийсэн уулзалтынхаа үеэр дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж байгаа нь иргэдийн амьдралд бодитоор нөлөөлж эхэлж байна гэсэн тайлбарыг хэлж байсан. Яг өрхийн бодит орлого дээр авч үзвэл энэ нь эдийн засгийн статистик үзүүлэлтүүд дээр хэр бодитойгоор харагдаж байгаа бэ?
-Инфляцын нөлөөлөл, орлогын өсөлтийн нөлөөлөл нь өрхийн орлогын бодит өсөлт дээр харилцан адилгүй байгаа. Яагаад гэвэл, инфляцын түвшнийг авч үзвэл 9 хувийн инфляцын 30-40 хувь нь үндсэндээ хоёрхон бараанаас хамааралтай байгаа. Эхнийх нь гурил, гурилан бүтээгдэхүүн. Энэ нь 25 хувийн өсөлттэй, нийт инфляцын бараг 20 хувийг дангаараа тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт, мах, махан бүтээгдэхүүн, мөн инфляцын 14-15 хувийг тайлбарлаж байгаа. Тэгэхээр орлогын түвшнээс хамаараад хүнсний бүтээгдэхүүний өрхийн төсөвт эзэлж байгаа жин харилцан адилгүй байгаа. Инфляцын бүлгүүдийг авч үзвэл саяын хоёр бараанаас гадна нийт дотоодын хүнс өөрөө өсөлттэй байна. Тийм учраас ялангуяа энэ төрлийн дотоодын хүнс зарлагад нь өндөр жин дардаг өрхүүдийн хувьд дарамт арилаагүй байна гэж хэлж болно.
Нөгөө талдаа өрхийн санхүү дээр дарамт үзүүлж буй бас нэгэн хүчин зүйл бол хэрэглээний зээл. Нийт зээлийн өсөлт 13-15 хувийн хооронд хэлбэлзэж байх үед хэрэглээ, цалин, хадгаламж барьцаалсан зээлүүд 30 гаруй хувийн өсөлттэй байна. Нэг талаас цалингийн өсөлтийг дагаад хэрэглээний зээл өсөж байгаа ч нөгөө талдаа энэ нь өрхийн гар дээр үлдэх орлогын дийлэнх хэсгийг зээлийн сарын төлбөр рүү татаж байна. Энэ утгаараа зээлийн өсөлт хэрэглээнд зарцуулах орлогыг бууруулж, өрхийн санхүүгийн бодит чадавхад сөрөг нөлөө үзүүлж байна. Гэхдээ 2023 оны байдлаар цалин 40-өөд хувиар өсөөд байна. Эсрэгээрээ инфляц нэг оронтой тоо руу буюу 9 хувь руу буугаад ирж байгаа үед энэ хоёрын зөрүүгээр бодит орлого өсөж эхэлж байгаа гэсэн үг.
-Мах, гурилын үнэ нийт инфляцын дийлэнх хэсгийг тайлбарлаж байгаа тухай та сая хэллээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнөөс махны үнийг буулгах чиглэлээр зарим арга хэмжээг авч, нэлээд хэдэн цэгт махны өргөтгөсөн худалдааг эхлүүлсэн. Мөн ирэх онд “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн зээл олгогдоно гэж байна. Тэгвэл эдгээр хөтөлбөрүүдийн үр дүн статистик үзүүлэлтүүдээр хэрхэн илэрч байна вэ, бодитой нөлөөлөл байна уу?
-“Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн зээл дээр Төв банк хатуу мөнгөний бодлого хэрэгжүүлж байгаа учраас мөнгө гаргаж оролцохгүй байгаа. Харин банкнуудыг “Хүнсний хувьсгал”-ын төслүүд рүү нийтдээ 29 бараа, бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэдэг болох нөгөө талаас дотоодын хангамжийг нэмэгдүүлэх чиглэл рүү зээлийнхээ бодлогыг чиглүүлээч гэсэн ажлууд хийж байгаа. Нөгөө талд нь Засгийн газар улсын төсөв дээр хүүгийн татаасыг суулгаж өгөөд дэмжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд тухайн аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд нэг удаа хөнгөлөлттэй хүүтэй зээл олгоод өнгөрөх бус түүхий эд, газар тариалангийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтворжуулахыг зорих нь чухал. Ингэж байж улирлаас хамааралтай нийлүүлэлтийн доголдол, үнийн хэлбэлзэл үүсэхгүй байх тогтолцоог бүрдүүлж чадна. “Хүнсний хувьсгал” хөтөлбөр үүнд чиглэж байгаа. Энэ жилийн хувьд нийт зээл өнгөрсөн жилийн мөн үеэс 13-14 хувиар буюу 3.5 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүний 1.5 их наяд нь бизнесийн зээлийн өсөлт, 2 их наяд нь хэрэглээний шинж чанартай зээлийн өсөлт байгаа. 1.5 их наяд төгрөгийн зээлийн өсөлт дотроо “Хүнсний хувьсгал”-тай холбоотой зээлийн өсөлт 500-600 тэрбум төгрөг байна. Тэгэхээр энэ санаачилга тодорхой хэмжээнд хэрэгжээд, тухайн салбар руу чиглэж байна. Гол нь хойноос нь үр дүнг нь харах, үр дүнг шахах нь чухал байгаа юм.
-Валютын нөөц 4 тэрбум доллар, төлбөрийн тэнцэл нэлээн ашигтай гарч байгаа ч 2024 онд биднийг олон эрсдэл хүлээж байгаа байх. Мэдээж гадаад зах зээлээс гадна, дотоод зах зээл дээр сонгуулийн жил, түүнийг дагасан төсвийн тэлэлт орж ирж байна. Та 2024 оны эрсдэлүүдийг хэрхэн харж байна вэ?
-Мэдээж хэрэг дэлхийн эдийн засаг нэлээн савлагаатай байгаа. Энэ нь юунаас харагдаж байна вэ гэхээр 6 сарын дотор л дэлхийн эдийн засгийн төсөөлөлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, өнгөрсөн хавар АНУ-ын эдийн засаг нэлээн гутранги байсан бол намар гэхэд эдийн засаг нь өөдрөг, Хятадын эдийн засаг харьцангуй өөдрөг байсан бол намар харьцангуй гутранги болсон байна. Тэгэхээр ийм савлагаа их байна. Энэ нь цаанаа тодорхой бус байдал их байна гэсэн үг. Яах ч аргагүй Хятадын эдийн засгаас Азийн эдийн засаг, дэлхийн эдийн засаг үндсэндээ хамааралтай байгаа. Дэлхийн эдийн засгийн 1/3-ийг энэ бүс нутаг, улс тодорхойлж байна. Тэгэхээр урд хөршийн эдийн засгаас дэлхийн эдийн засаг хамаарна, дэлхийн эдийн засгаас Монгол Улсын экспортын бараа, бүтээгдэхүүний үнэ, бид бүхний экспортын эрэлт хамаарна. Тэгэхээр энэхүү сувгийг маш анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Үүнд үндэслэн төсөв, төлөвлөгөөгөө ярилцах ёстой.
Нөгөө талаас олон улсын нөхцөл байдлаас хамаараад боломжууд ч үүсэж байна, хүндрэлүүд ч бий болж байна. Сүүлийн үед үүсээд байгаа хүндрэл бол бензин, шатахууны асуудал. Нийлүүлэлтийн доголдол байсаар байна, энэ нь тээврийн салбарын үнийн өсөлтөд нөлөөтэй. Тэгэхээр бид бүхэн үүнийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдал буюу зарим аймагт өвөлжилт хүндэрч байна. Энэ нь малчдын үндсэн хөрөнгө болох малыг хорогдуулж, мал аж ахуйн салбарт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Хэрвээ малын зүй бус хорогдол нэмэгдвэл, хавар махны нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Энэ мэт хүндрэл, тодорхой бус байдал байсаар байна.
-2024 оны төсөв дээр аж үйлдвэржилтийн бодлогын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг импортын татвараас чөлөөлөх зэрэг нэлээд олон хөнгөлөлтүүд хэрэгжихээр байсан. Төсвөөс үзүүлж буй энэ мэт татварын хөнгөлөлт, чөлөөлөлт мөн зардлын өсөлт нь нөгөө талдаа мөнгөний бодлогыг хатууруулах орон зайг бүрдүүлж байгаа тухай ч чуулган дээр яригдаж байсан. Энэ тал дээр ямар тайлбар хэлэх вэ?
-Дэлхий нийтээр Төв банкнууд инфляцыг богино хугацаанд бууруулж чадвал, мөнгөний бодлогод орон зай үүснэ гэсэн дүгнэлт хийж байна. Инфляцыг хурдан бууруулахын тулд төсвийн бодлогоор дэмжиж өгөх нь чухал. Энэхүү дүгнэлт Монгол Улсыг тойрохгүй. Тэгэхээр батлагдсан төсвийн хүрээнд томоохон хэмжээний бодлогын хөрөнгө оруулалт хэрэгжих гэж байгаа үед макро тэнцвэрийг хангах үүрэг Төв банкны мөнгөний бодлогын нуруун дээр ирэхээр байна. Төсвөөс гарах өндөр хэмжээний зардлын шалтгаантай инфляцын дарамтыг харгалзан үзэж байж Төв банк бодлогын хүү дээрээ шийдвэр гаргахаас аргагүй болно гэсэн үг. Та бүхэн санаж байгаа бол зургаадугаар сард Төв банкны мөнгөний бодлогын хороон дээр бодлогын хүүг бууруулах хэлэлцүүлэг хийсэн. Гэвч төсөв дээр 1.8 их наядын тодотголын асуудал гарч ирсэн учраас хойшлуулсан. Одоо дахиад төсвийн зардал нэлээн тэлчихсэн байгаа учраас бууруулах эсвэл хэвээр үлдээх асуудлыг нухацтай ярилцахаас өөр аргагүй.
Төв банкны бодлогын хүүгийн ард зээлийн хүү, зээлийн нийлүүлэлтийн асуудал бий. Үүний цаана ялангуяа уул уурхайн бус салбарт бизнес эрхлэгчдийн санхүүжилт, зээлийн олдцын асуудал, бүр цаашилбал, ажлын байрны асуудал ч бий. Гэтэл Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр хүчтэй, гэхдээ цаг хугацааны хоцрогдолтойгоор эдийн засагт нөлөөлдөг. Үнэндээ бид бүхэн 6 хувь байсан бодлогын хүүг 13 хувь хүртэл өсгөхдөө маш хэцүү хэлэлцүүлгүүдийг хийж хийсэн. Төв банкны зорилго юу байсан бэ гэхээр бодлогын хүүг аль болох багаар өсгөх. Энэ нь цаанаа бизнес эрхлэгчид, эдийн засгийн өсөлтөө бодсон. Гэвч явсаар байгаад 13 хувь дээр ирлээ.
-Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд салбаруудын оролцоог харахад барилгын салбар бараг тэг хувьтай, өсөлтгүй шахуу үзүүлэлттэй байсан. Орон сууцны санхүүжилтийн ерөнхий эх үүсвэр харьцангуй хумигдсан, орон сууцны зээлийн олдоц хомсодсон нь барилгын салбарт нөлөөлсөн гэж ярьж байна. Гэтэл 2024 онд Засгийн газар хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хүртэл Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хариуцна гэсэн мессежийг олон нийтэд өгчихлөө. Тэгэхээр ирэх оны хувьд ямар хэмжээний зээл зах зээл дээр гарах боломжтой бэ?
-2024 оны хувьд 500-600 тэрбум төгрөгийн санхүүжилт эдийн засаг руу нийлүүлэгдэх тооцоололтой байгаа. Гэхдээ саяхныг болтол нийт зээлийн ихэнх нь Улаанбаатар хотод шингэдэг байсан бол одоо Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөдөөгийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд багагүй хэсэг нь хөдөө орон нутаг руу шилжиж байгаа. 10, 11 дүгээр сарыг харвал нийт ипотекийн зээлийн гаргаж байгаа дүн ерөнхийдөө 50/50 хувьтай хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод хуваарилагдсан байна. Энэхүү 500-600 тэрбум төгрөгийн санхүүжилт нь 5000-6000 айлын орон сууцны асуудал.
Гэхдээ сүүлийн асуултад хэлэх хэрэгтэй нэг зүйл байна. Бид бүхэн инфляцыг бууруулахын тулд хатуу мөнгөний бодлого хэрэгжүүлж байгаа нь бизнесийн зээлийн өсөлтийг сааруулахад тусгалаа олж байгаа. Мөн хатуу мөнгөний бодлого нь төсвийн тэлэлт, нийлүүлэлтийн шинж чанараас үүдэлтэй инфляцын хоёр дахь үеийн нөлөөллөөс сэргийлэх зорилготой юм. Гэхдээ ирэх жилийн хувьд заавал яригдах сэдэв нь яаж бизнесийн зээлийг эргээд сэргээх вэ гэдэг асуудал. Бизнесийн зээл, хэрэглээний зээл хоёулаа зэрэг өсөөд явах бололцоо байхгүй. Тэгэхээр бизнесийн зээлийг дэмжих бодлого нь 2024 онд бодлогын хүүгээс гадна Төв банкин дээр байгаа бусад хэрэгслүүдийн үр дүнд гарч ирэх байх гэж бодож байна. Энэхүү асуудал Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ дээр хэлэлцэж байх үед нэлээд яригдсан. Тухайлбал, бизнесийн зээлийг гаргах, хэрэглээний зээлийг хянах тал дээр анхаарах чиглэлийг Төв банк, Санхүүгийн зохицуулах хороонд тогтоолоор өгсөн байгаа. Үүнийг хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.
Эх сурвалж: Блумберг ТВ Монголиа, Монголбанк