БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт Европын гурван орноор хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр таван жилийн дараа Европ тивд албан ёсны айлчлал хийж буй нь энэ агаад Франц, Унгар, Серби улсад айлчлах аж.
Гэхдээ энэ удаа талуудын хооронд худалдааны дайны эрсдэл нэмэгдсэн, Бээжингээс явуулсан тагнуулын үйл ажиллагаатай холбоотой дуулианууд дараалан дэгдсэн, Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийллийг дэмжиж буй зэрэг асуудлуудын улмаас Хятад-Европын Холбооны харилцаа муудсан цаг үед энэхүү айлчлал тохиож байна.
Ши Жиньпиний эхний зогсоол Парис байх юм. Өнөөдөр буюу даваа гарагт тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нартай уулзана. Ши, Макрон, фон дер Ляйен нар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Бээжинд хамгийн сүүлд уулзаж байжээ.
Европын эрх баригчид одоо Хятадын бараа бүтээгдэхүүнүүд, тэр дундаа цахилгаан автомашин Бээжингээс өгсөн татаасын үр дүнд хэт хямд үнэтэй зах зээлд нь нийлүүлэгдэж буй асуудлыг мөрдөн шалгаж байгаа. Ши Жиньпиний гол зорилго нь уг асуудлыг шийдвэрлэж, хоёр талын харилцааг тогтворжуулах гэж ажиглагчид үзэж байна.
Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар Украинд явуулж буй Оросын түрэмгийллийг дэмжихээ зогсоохыг Европын удирдагчид Ши Жиньпинээс үргэлжлүүлэн шахах нь тодорхой байгаа.
Ши Жиньпин энэ удаагийн айлчлалаараа Европ дахь өөрийн хамгийн ойрын түнш болоод буй Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбантай уулзана. Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Хоёрдугаар сард Хятадын талаас хууль сахиулах салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх саналыг Унгарт тавьсан нь Европын бусад улсуудын эрх баригчдын санааг зовоож байна.
Huawei компанийн олон улс дахь хамгийн том салбар Унгарт нээгдээд байгаа бол удахгүй BYD компанийн Европ дахь анхны үйлдвэр мөн Унгарт нээгдэх гэж байгаа.
Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалын сүүлчийн зогсоол Сербийн нийслэл Белград байх юм. Айлчлал нь Белград дахь БНХАУ-ын элчин сайдын яамны байр АНУ-ын армийн бөмбөгдөлтөд өртсөн үйл явдлын 25 жилийн ойтой ойролцоо цаг үед тохиож байна. Энэ үеэр Хятадын гурван сэтгүүлч амь үрэгдэж байжээ. Үүний улмаас НАТО-д хандах Хятадын хандлага эрс муудсан гэдэг.
Белградад хийх Ши Жиньпиний айлчлал стратегийн ач холбогдлоороо Парис, Будапештийг гүйцэхгүй ч АНУ-ын түрэмгий ааш авирыг тэвчихгүйгээ батлан харуулах бэлгэдлийн ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.