Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр 20:00 цаг NTV телевизээр мэтгэлцэх гэж байна.
Тус намын Үндэсний бодлогын хорооны пүрэв гарагийн /2025.08.28/ хуралдаанаар, Дотоод сонгуулийн хорооны сонгогдсон гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан журмын дагуу ажиллаж, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, АН-ын гишүүн Б.Отгонбат нарыг нэр дэвшигчдээр тодруулснаа зарлан, үнэмлэхийг нь гардуулсан.
Тэд өнөөдөр мэтгэлцэж, намын дарга болсноор хэрхэн ажиллах бодлогоо танилцуулна. Улмаар маргааш буюу наймдугаар сарын 31-нд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн саналаар Ардчилсан намын дарга сонгогдох юм.
Нэр дэвшигчид дараах байдлаар бодлогоо танилцуулаад буй.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
Чөлөөт зах зээл, хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг бүрэн авч ирэхийн төлөө ард түмэнтэйгээ хамтарч илүү сайн ажиллана
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
Шинэ Монголоо цуг бүтээнэ. Монгол Улсын хөгжил дэвшилд нөлөөтэй бүхий л салбарт шинэчлэл өөрчлөлт хүлээгдэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
Төр цомхон байх ёстой. Ажил олгогч, хувийн хэвшлийнхэнд илүү их эрх олгож, тэдний засаглал Монгол Улсын эдийн засгийг илүү бойжуулахад үнэтэй хувь нэмэр оруулах ёстой гэж үздэг. Үүний төлөө тууштай явна
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат:
Боловсролын реформыг Ардчилсан нам бодлогынхоо төвд тавих ёстой.
НЭР ДЭВШИГЧДИЙН ТУРШЛАГА:
Одонгийн ЦОГТГЭРЭЛ, УИХ-ын гишүүн
Мэргэжил: Эдийн засаг
Сонгуульт албан тушаал:
- 2009 он Ардчилсан намын гишүүн
2013 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ын гишүүн
2014-2017 он Увс аймгийн Ардчилсан намын дарга
2017 оноос АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн
Бөхчулууны ПҮРЭВДОРЖ, УИХ-ын дэд дарга
1990-1994 онд Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль
Мэргэжил: Гадаад харилцаа, багш, орчуулагч
Сонгуульт албан тушаал:
- 1992 оноос Ардчилсан намын гишүүн
2004-2012 болон 2016 оноос Үндэсний бодлогын хорооны гишүүн
2009-2012 он Ховд аймгийн Ардчилсан намын дарга
2019-2020 он Ардчилсан намын дэд дарга
2016-2020 он УИХ-ын гишүүн
2020-2024 он УИХ-ын гишүүн
2024 оноос УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга
Жудагийн БАЯРМАА, УИХ-ын гишүүн
Төгссөн сургууль:
- 1995 онд Гадаад Хэлний Дээд Сургууль, Англи хэлний орчуулагч-багш
2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч
2024 онд МУИС-ийн Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага
2008 онд Япон Улсын Осакагийн Их Сургууль, Нийгмийн ухааны магистр
2016 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, докторант
Мэргэжил: Олон улсын харилцаа, Эрх зүйч , Англи, орос хэлний орчуулагч, багш
Сонгуульт албан тушаал:
- 1991 он. МоАН-ын гишүүн
1998-2002 он МҮАН-ын Шинэ үе болон Ардчилсан намын Ардчилсан залуучуудын холбооны нарийн бичгийн дарга
2002-2006 онд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, 2001-2005 онд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн, 2019 оноос одоог хүртэл АН-ын ҮБХ-ны гишүүн, 2023 оноос одоог хүртэл ҮБХ-ны тэргүүлэгч, 2023 оноос одоог хүртэл АН-ын дэд дарга
Бархүүгийн ОТГОНБАТ, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн
Төгссөн сургууль:
- 2003 онд Дикинсоны Улсын Их Сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
2005 онд Кюнсландын Их Сургууль, Ахисан түвшний диплом
2016 онд Харвардын Их Сургууль,Төрийн удирдлагын магистр
2025 онд Пеннсильванийн Их Сургууль, Боловсролын ухааны доктор
Мэргэжил: Эдийн засагч
Сонгуульт албан тушаал:
- 2007 он Ардчилсан намын гишүүн
2007 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн.