Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2025.08.31/ хуралдаж, намын даргыг тодруулна.
Энэ удаа АН-ын даргад УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонбат нар нэр дэвшин, өрсөлдөж байна.
АН-ын Үндэсний Бодлогын хороо 380 гаруй гишүүнтэй бөгөөд тэдний хамгийн олон санал өгсөн өрсөлдөгч Ардчилсан намын даргаар сонгогдох юм. Нэр дэвшигчид нээлттэй мэтгэлцэж байр сууриа илэрхийлээд буй.
Энэ удаагийн АН-ын сунгаа ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялах эсэхийг шийдэх тул чухал ач холбогдолтой сонгууль юм.
Нэр дэвшигчд дараах байр суурийг илэрхийлээд байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Би эх орныхоо 160 гаруй суманд очиж ажиллаад байна. Зөвхөн сонгогдсон тойргийнхоо төдийгүй Монгол Улсынхаа бүх иргэдийн хүсэл зоригийн төлөө ажилладаг. Өнгөрсөн парламентын хамгийн олон хууль тогтоол батлуулсан гишүүний хувьд надад Ардчилсан намыг ялуулах туршлага бий” гэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ардчилсан нам манлайллын стратегийг хэрэгжүүлнэ. Миний хувьд систем бүтээж ялалт авч ирэхийн төлөө бодлогоо хэрэгжүүлнэ” гэж бодлогоо тодорхойлсон.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Бид бүгдийн давуу талууд нийлж байж Ардчилсан намыг ялалтад хүргэнэ. Бодлогын судалгааны хүрээлэнд бид ач холбогдол өгч байх ёстой. Улстөрч хүн бодлоготон, үзэл санаандаа үнэнч, алсын хараатай, үнэт зүйлсээ хэрэгжүүлэх тууштай хүн байх ёстой. Миний хувьд энэ зарчмын төлөө ажиллаж чадна. “Зориг” үгүй бол манлайлал үгүй. Няцашгүй чанар надад бий” гэв.
Б.Отгонбат “Судалгаанд суурилсан хөгжлийн бодлого, өрсөлдөх чадвараа тооцоолж Монгол Улсдаа өөрчлөлт авч ирнэ. Миний давуу тал “Дэлхийтэй харилцах”. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт татсан, итгэл татсан Монголын төлөө бодлогоо хэрэгжүүлнэ. Бид бүгдээрээ хамтран ажиллажАардчилсан намыг дахин сэргээнэ” гэж мэдэгдээд буй.
Мэтгэлцээний үеэр Ардчилсан намын даргад нэр дэвшигчдээс авлига хулгайтай хэрхэн тэмцэх. Мөн сүүлийн гурван удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам нийслэлд ялгагдсан шалтгааныг юу гэж дүгнэж байна вэ. Нийслэлд юу хийх шаардлагатай вэ гэдэгт нэр дэвшигч нар дараах хариулт өглөө.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “МАН өнгөрсөн есөн жилийн хугацаанд ард түмний боломжийг хулгайлсан. Тэдний хийсэн олон хулгайг олон нийт тод санаж байгаа байх. Олон тэрбумаар улс орноо хохироочхоод цөөхөн хэдэн төгрөгөөр торгуулсан болж нэр төдий өнгөрдөг болсон. Өнөөдрийн эрх баригчид нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй юм байна. Ардчилсан нам төрийн эрхийг баривал өнөөдрийн бүх хулгайг илчилж, хариуцлага тооцох болно. Ардчилсан намыг ялуулж байж Монголд энэхүү өөрчлөлт бий болно. МАН 35 жилийн хугацаанд 31 жилд нь Улаанбаатарт засагласан. Газрыг төлөвлөлтгүй зарсан, түгжрэл бий болгосон. Утаа бол цэвэр ядуурлын үр дүн. МАН иргэдийнхээ боломжийг татвараар хулгайлж, иргэдээ ядууруулсан. НИТХ-ын хурал бол нийслэлийн парламент. Засаг даргадаа хяналт тавих ёстой байтал тэдний 80 хувь нь ЗДТГ-ынхаа дор очоод ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны зарчим алдагдсан. Нийслэлийн Засаг даргыг иргэдээс сонгодог болох ёстой” гэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ардчилсан нам 35 жилийн хугацаанд олонх болж ялж байсангүй. Харин олуулаа болж байсан. Дийлэнх хугацаанд нэг нам эрх барьсан. Аргентин улсын жишээг харахад зүүний популизмд нэрвэгдсэн улсыг хэрхэн засварлах вэ гэдгийг харуулж чадаж байна. Иргэн төвтэй, бизнес төвтэй нам байх, улмаар татварыг бууруулж, иргэдэд боломжийг илүү олгож байж л шинэчлэл ирнэ. Энэ бол “эрүүл популизм юм. Бид яагаад нийслэлд ялагдав. Үүний цаад шалтгаан бол Улаанбаатарын залуус болон бизнесүүдийн талд бид үзэл санаан дээрээ тууштай зогсоогүйн шалтгаан. МАН-ын үнэмлэхүй засагласан жилүүдэд юу болов? Ардын намд эрх мэдэл, төсөв мөнгө дутаагүй. Хандлага маш ихээр дутаж байна. Хөгжил бол замын хашлага солихоос илүү хүндээ чиглэсэн, хүнээ тойрсон бодлого хэрэгжүүлэх хандлагаас шалтгаална” гэж мэдэгдэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Улсын хөгжилд хамгийн их саад тотгор үзүүлж буй зүйл бол авлига. Хамгийн ноцтой нь Монгол Улс дайн байлдаантай газруудын хэмжээнд хүрсэн. Төрийг цомхон болгох хэрэгтэй. Давхардсан олон орон тоог хасаж, цахимжуулах ёстой. Төсвийн ил тод байдал авлигыг устгах боломж юм. Саяхан УИХ-ын гишүүдэд хүртэл сонгуулийн авлигын хэмжээний асуудал яригдсан. Энэ бол ноцтой зүйл. Дуусдаггүй бяслаг, дуусдаггүй хогны үйлдвэр бол авлигын том жишээ. Сонгуульд асар их мөнгө зарцуулж байгаа нь авлигыг устгах биш, томруулах шалтгаан. Бодлогын шийдэл гаргахдаа үндсэн үзэл баримтлалаа гээх, түүн дээрээ хатуу тууштай байгаагүйгээс болсон алдаа. Хотын үзэл баримтлалыг, хөгжлийг зөв тодорхойлж сонгогчдодоо зөв, бүрэн ойлгуулах ёстой. Төрийн бүтэц үр ашиггүй байна. Эрх баригчид төрийн алба ашиглаж халамжийн тогтолцоог байгуулсан. Хавтгайруулж тараасан халамжаараа МАН-ын бүтцийн нэг хэсэг болж нийслэлийн иргэд Ардчилсан намыг сонгох бололцоогүй чөтгөрийн тойрогт оруулсан. Үүнийг халах хэрэгтэй” гэлээ.
Б.Отгонбат “Сингапурын жишээг ярья. Ур чадвартай, мэдлэг боловсролтой бол төрийн албанд ажилла. Үнэнч шударга бол төрд ажилла. Авлига авсан хүмүүстэй хариуцлага тооцож байж л энэ асуудлыг шийднэ. Өнөөдөр авлигатай тэмцэж чадахгүй байна. Авлигыг үгүй хийе гэвэл хариуцлагын тогтолцоог зоригтой бий болгох ёстой. Монголын ирээдүйд итгэх итгэлийг бий болгох хэрэгтэй. Улаанбаатарт хоёр том асуудал байна. Утаа бол хорт хавдартай адил. Одоогийн нийслэлийн бордлого бол хорт хавдрыг эдгээх биш, аргалах бодлого барьж байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Орон сууцжуулахгүйгээр утааны асуудлыг шийдэх боломжгүй. Түгжрэл бол дараагийн том асуудал. Улаанбатарчуудын бүтээмжийг маш ихээр доройтуулж байна. Өнөөдөр засаг барьж байгаа хүмүүсийн “Монгол хүнийг ганцхан машинтай байх ёстой” гэдэг бодлого нь том доромжлол. Эрх чөлөөнд нь халдаж байгаа явдал. Бизнес эрхлэгчдийг дээрэлхэж байна. ТҮЦ-ийн жишээ бол үүний баталгаа. Энгийн хүмүүсийн орлого олох боломжийг хулгайлаад байгааг Ардчилсан нам шийдэж чадна”гэхчлэн өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны хурлаар дээрх нэр дэвшигчдийн нэг нь АН-ын даргаар сонгогдож, батламжлагдах юм.

