Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд хамтран Монгол Улсын санхүүгийн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр чадавхжуулах, барилгын салбарын санхүүжилтийг дэмжих сангийн загварыг Монголд нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь суурин төлөөлөгч Маркус Лох нар энэхүү санамж бичигт гарын үсэг зурав.
Монголбанк ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан нь 2018 оноос хойш тогтвортой хамтын ажиллагааг хэрэгжүүлж буй бөгөөд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Монгол Улсад санхүүгийн салбарын тогтвортой өөрчлөлтийг дэмжих, сургалт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг бэхжүүлэх” чиглэлээр харилцан ойлголцлын санамж, бичиг байгуулж, амжилттай хамтран ажиллаж, 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон.
Энэ удаагийн санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл нь 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.