Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Тус сонсгол арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална. Харин арванхоёрдугаар сарын 10-ны лхагва гарагт “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээний (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Улмаар арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээний (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар нотлох баримтуудыг үргэлжлүүлэн шинжлэн судална.
Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн нээлттэй сонсголд нийт 300 гэрч оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлээд буй.

