Залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Тодруулбал БЗД-6 хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хүмүүс өвс татаад байна” гэсэн дуудлага мэдээлэл 01-р сарын 08-ны 20 цаг 30-д ирсэн. Тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шалгахад зочид буудлын 203 тоот өрөөнд мансуурсан байдалтай байсаныг илрүүлэн таслан зогсоосон. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд БЗД-25 хороонд оршин суух хаягтай “Н” /эр.20н/, ХУД-15 хороонд оршин суух хаягтай “Б” /эр.20н/, СХД-6 хороонд оршин суух хаягтай “Х” /эр.22н/ нар мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч тэмдэглэл үйлдэн шинжээч томилох ажиллагааг явуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
2018 оны байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд байна.
Тиймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад өгч, энэ төрлийн гэмт хэргээс сэргийлнэ үү.