“100 айл“-ыг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөсөн. Үүнд нэгдүгээр үе шатанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх, баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах, ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох, стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах, чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, Налайх руу нүүлгэн шилжүүлэх зэрэг ажил багтаж байгаа аж. Харин II үе шатанд явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх, ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах ажлыг хийж хэрэгжүүлэх юм байна.
III үе шатанд шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах, шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох, Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах юм. Эдгээр хийх ажилтай холбогдуулж НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн авто зам хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Хотын захирагчийн ажлын албаны төлөөлөлтэй уулзаж үүрэг чиглэл өгсөн байна. Тухайлбал, ирэх тавдугаар сард багтаан ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг цэгцлэх мөн үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зөвхөн шаардлага өгөөд зогсохгүй тодорхой үр дүн гаргаж ажиллахыг даалгасан байна.
Нийслэлийн газрын албанаас өгсөн мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар тус хэсэгт 145 хуулийн этгээдээс газраа эзэмшсэн 88, өмчлөх эрхийн гэрчилгээтэй 57 газар байгаа аж. Эдгээрээс гэрээний эрх дууссан иргэд, ААН-үүдтэй ойлголцолд хүрч дахин төлөвлөлтөд хамрагдах мөн ашиглалтад орох орон сууцанд тухайн иргэд орох боломжтой эсэх талаар судалж зөвшилцөж байгаа гэлээ. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хороодод 146 газар эзэмшигч байгаагаас 63 нь гэр бүлийн хэрэглээний зориулалтаар газраа эзэмшдэг боловч зориулалтын дагуу бус үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглаж байгаа аж. Мөн тус бүсэд 2 төрлийн 25 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэхдээ чулуу, дээврийн, төмөр зүсэх зэрэг хориотой болон стандарт зөрчсөн үйлдвэрлэл явуулж байгаа аж. Иймээс дээрх үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж болон иргэдэд мэдэгдэл өгч үйл ажиллагааг нь зогсоожээ. Одоогоор 7 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.
Related Posts
Add A Comment