Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ө.Энх-марал охины эцэг, эх өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд хоргүй хавдраар өвчиндөө шаналж буй бяцхан охиноо эрүүл саруул болгоход шаардлагатай эмчилгээний зардлын мөнгө олохын тулд элэг нэгт монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг гуйсан юм.
Тодруулбал,З.Өгөдэй, н.Эрдэнэтунгалаг нар 2018 оны тавдугаар сарын 10-нд аав ээж болжээ. Гэвч охин Ө.Энхмарал нь найман сартай болсон үеэс мөлхөж чадахгүй, хөлийн ул нь мэдээгүй, үргэлж уйлагнах болсон байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байх үед MRI зураг авахуулах шаардлагатайг эмч нар хэлсэн байна. Уг зургаар охины биед нугаснаас үүссэн 9.4 см хэмжээтэй салаалж ургадаг хавдар нурууны мэдрэлийн судсыг дарсан байдалтай байна гэсэн хариу гарч, эмч нар Монголд эмчлэх боломжгүй гадаадад хоёр сарын хугацаанд амжиж мэс засалд орохыг зөвлөсөн байна. Ингээд хагалгаанд орохоор болсон ч зардлыг нь олохоор энэ сарын 13-нд “Хайрын хорвоо” нэртэй хандивын тоглолт зохион байгуулахаар товложээ. Гэвч энэхүү тоглолтын тасалбарыг борлуулалт 30 хувьтай байгаа аж. Эмчилгээнд шаардлагатай 160 сая төгрөгөөс 70 саяыг тоглолтоос олно гэж тооцоолсон ч хаана ч хүрэхгүй болж буй юм байна. Иймээс хандивын тоглолт үзэж, эмчилгээнд шаардлагатай төлбөр хуримтлуулахад туслахыг хүслээ.