Нийслэл хотын гудамжинд өнгө нэмсэн нэгэн зүйлийг шинэхэн хотын дарга үгүй хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс болсон өнөө цагт “гэрэлт гудамж” олны сэтгэлд таашаагдсан билээ.
Их хотын залуусаас гадна гадны зочид гийчид ирэхэд хүртэл оройн цагаар цэвэр агаарт алхах таатай боломж бүрдүүлж өгч байсан. Гэвч энэхүү гудамжийг ажлаа аваад удаагүй байгаа шинэхэн хотын дарга маань байхгүй болгох тушаалыг гаргах гэж буйн харамсалтай.
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан гуравдугаар сарын 5-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр илтгэл тавьж, өөрийн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулжээ. Тэрбээр энэ үеэр “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго” гэв.
Түүний энэ шийдвэр олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Өдгөө урин дулаан цаг ирж байна. Гэтэл гадаад, дотооддын жууулчдыг татсан гэрэлт гудамжийг үгүй хийх нь хэр оновчтой шйидэл вэ. Манай улс жуулчдадаа яваад очих үзэсгэлэнт байгалиас гадна нийслэл хотдоо үзүүлж харуулчих юм хомс. Уг гудамжинд жуулчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус энд амарч зугаалах, алжаалаа тайлах, урлаг соёлын тоглолт үзэх, амтат хоол зооглох, худалдаа хийх боломжтой гэдгийг дахин давтах нь илүүц биз ээ. Угтаа шинэхэн даргад үүнээс илүү хийх ажил ихээхэн байхад өмнөх даргынхаа хийсэнг үгүйсгэж, төсвийн мөнгийг салхинд хийсгэх нь зөв үү.
Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Гэтэл мөнгө зарж хийсэн бүхнийг үгүйсгэх хоббитой даргатай болсон бололтой.
Х.Даваа