Генерал Ш.Жадамбын хүү Энхбаяр гэх нөхөр 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж буй билээ. Энэ хугацаанд улс орон, иргэдэд хэрэгтэй бодитой хийсэн бүтээсэн зүйл цөөтэй тэрээр эсрэгээрээ богино хугацаанд хөлжиж, өдгөө хөрөнгөөрөө УИХ-ын гишүүд дундаа дээгүүрт бичигдээд болсон.
Тэрээр 4 тэрбум 253 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд “Газар холдинг” ХХК, “Газар капитал Партнерс ББСБ” ХХК-ийг эзэмшдэг, банкин дахь дансандаа 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.
Шударга ёсны тухай чанга дуугаар олонтаа ярьдаг түүнийг цөөнгүй хүн шударга улс төрч гэж боддог байсан ч ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь, түүний эзэмшлийн “Газар капитал Партнерс ББСБ” нь иргэдэд жилийн 30 хувийн хүүтэй зээл олгож мөнгө хүүлдэг байсан илэрч, ард түмэнд үнэн төрхөө таниулсан билээ.
Гэвч “ичсэн хүн хүн ална” гэгчээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийнхөө ичгүүртэй үйлдлийг зөвтгөх гэж буруу зөрүү ярих нь ихэслээ.
Хамгийн сүүлд тэрээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ өөрийгөө : ” Би бол Монгол Улсын хамгийн шилдэг татвар төлөгч иргэн. Би олон олон ажлын байр бий болгож, орон нутагт шинэ үйл ажиллагаа нэвтрүүлж байна. ” хэмээв. Гэтэл Ж.Энхбаяр нь 2000 оноос хойш тасралтгүй төрд ажиллаж, 2008 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж буй юм. Өөрөөр хэлбэл лав л сүүлийн 19 жил үндсэн ажлаа хийлгүй, хувийн арилжаа наймаа эрхэлж, орон нутагт хүртэл ажиллаж байсан бололтой.
Мөн өөрийгөө бизнесмэн гэх дуртай Ж.Энхбаяр нь 2000-2002 онд Онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2003 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, 2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байсан ихээхэн сонирхол татдаг.
Тэрээр мөн “Залуучуудаа зээл гэдгээс битгий ай. Зээл зорилготой байх ёстой. Зөв зүйл хийх ёстой, энэ бол муу зүйл биш шүү дээ.” гэжээ.
Бас л Монголын нийгмийн амьдралаас ямархан хол тасарсан, эдийн засгийн статистик ч олж хардаггүй нөхөр болохоо батлан харуулж буй хэрэг.
Монголд зээлээс айдаг залуу бараг байхгүй дээ, учир нь тэд бүгд л хэрэглээний болон бизнесийн зээлтэй.
Харин Ш.Жадамба генералын хүү, УИХ-д 3 удаа сонгогдсон Ж.Энхбаяр гэдэг нөхөр шиг улсаас нэн хөнгөлөлттэй 3 хувийн хүүтэй зээл авах боломж тэдэнд байдаггүй юм .
Б.Амар
сонин.мн