Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисс өнөөдөр /2019.04.03/ хуралдаж дараах гурван асуудлыг хэлэлцлээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссод ирсэн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, Хэлмэгдэгч, түүний гэр бүлд орон сууц олгосон тухай лавлагаа олгож буй ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, тус комиссын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг танилцуулав.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу иргэдээс ирэх өргөдөл гомдол эрс нэмэгджээ. Иймд өргөдөл гомдол, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллахад анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэхдээ судалгааны ажлыг нарийвчлан хийх шаардлагатай байгаа гэдгийг холбогдох албанаас танилцуулсан юм.
Энэ онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссоос уламжлал болгон хийдэг ажлаас гадна улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээнд анхаарч, холбогдох газраас хөшөө дурсгалыг сэргээн засварлах, тохижилт, гэрэлтүүлэг хийх зэрэг асуудлыг шийдвэрлэх, мөн төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтэд чиглэсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй гэдгийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва үүрэг болголоо.
Хуралдааны нэмэлт асуудлаар Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамбын овооны орчимд хамгаалалтын бүсэд байдаг зөвшөөрөлгүй буусан 30 айлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв. Тухайн бүсэд айл өрх буулгах боломжгүй тул холбогдох албаны хүмүүст мэдэгдэн, Сонгинохайрхан дүүргийн удирдлага, Газрын албатай хамтарсан уулзалт зохион байгуулахыг хурлын дарга үүрэг болголоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ