Mонголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр MNBC компанийн дэд захирал Ж.Золбатыг заналхийлж буй аудио бичлэг сошиал орчинд цацагдаад байна. Х.Мандахбаяр нь ёс бус үг хэллэг ашиглан, бухимдан ярьж буй уг бичлэгийг Ж.Золбат нь хийж цацсан байх бөгөөд юуны учир ийн бусдыг “заналхийлэх” болсон тухай бид Х.Мандахбаяраас тодруулахаар холбогдсон юм.
Тэрбээр яг одоо Өмнөговь аймгийн Тост, Тосон бумын нуруунд сэтгүүлчдийн хамтаар баримт хөөн ажиллаж буйгаа дуулгаад, бидний асуултанд ний нуугүй хариуллаа.
ТУУЛЫН БУРГАС ХЯДАЖ БУЙ СУРВАЛЖИЛГА ГАРГАСНЫ ТӨЛӨӨ ТВ8 ТЕЛЕВИЗИЙН ЭФИР ХААСАН НЬ ҮНЭН
-Таныг бусдыг заналхийлсэн тухай мэдээлэл цацагдах боллоо. Нэлээд нэг талыг барьсан мэдээлэл байсан тул та чухам юу болсон үйл явцыг бидэнд тайлбарлаж өгөхгүй юу?
-Юуны өмнө миний ярьсны үг үсгийн зөрүүгүй нийтэлж өгөхийг хүсч байна. Оюуны Ундраа группын харьяа Үндэстэн.мн гэсэн сайт байдаг. Манай редакц дээр ч нэг хэсэг байрлаж байсан удаатай. Уг сайт дээр ийм нэгэн мэдээлэл гараад байна. Учир шалтгааныг та бүхэнд тайлбарлаж өгье. Миний бие өнгөрсөн 2018 оны туршид тодорхой яриа хэлэлцэл хийж байж 2019 оны гуравдугаар сард албан ёсоор гэрээ хэлэлцэлд орж TВ8 телевизийн хувьцааг 100 хувь худалдан авсан. Телевизийн эрх шилжих процесс нэлээд удаан байдаг юм байна. Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид ХХЗХ гэж товчлоно. сурв/-н дээр телевизийн эрх шилжих, мөн нэлээд том компанид харьяалагдаж байсан учир компаниас хөрөнгө салгах гэх мэтээр үйл явц удаан байсан. Энэ хооронд буюу наймаа хийгдчихсэн, телевизийн эрх манай дээр шилжиж ирээгүй байх үед ТВ8 телевизийн эфирийг MNBC компаниас хууль бусаар хаасан.
-Яагаад? Хаасан биш, техникийн алдаа гэж тэд тайлбарлаж байсан.
-TВ8 телевизийн сэтгүүлч иргэдийн дуудлагаар газар дээр нь очиж бургасыг хууль бусаар хядаж буй тухай сурвалжилсан байдаг. Тэд телевизийнхээ “19001952 Ард түмний утас”- нд ирүүлсэн иргэдийн санал гомдлын дагуу сурвалжилга хийсэн юм. Энэ бол тус телевизийн олон жилийн турш тогтсон менежмент, сэтгүүлзүйн тодорхой нэг арга барил. Үүгээр нь хүрч очоод сурвалжлага бэлдэж цацсаных нь төлөө “MNBC” компани өөрийн дахин дамжуулах сувгаа хаасан. Харин өөрсдөө “Аль Жазера телевиз болон ТВ8 хоёр телевизийг техникийн саатлаас болж дамжуулах боломжгүй байна” гэсэн байдаг. Гэхдээ энэ бол худал. Би хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээнэ.
-Та яагаад ийн бодох болов?
-Нэгдүгээрт, телевиз хаагдчихсан байх үед бидний зүгээс телевизийн үйл ажиллагаа, эфирийг удирдах боломжгүй /шилжүүлгийн процесс үргэлжилж байсан. сурв/ учраас хуучин удирдлагууд гомдол гаргаад явж байсан. Тухайн үед телевизийн ерөнхий редактор яагаад ийм юм болсон учрыг асуун залгахад “Та нар бургасны мэдээ гаргасан учраас манай захирал хаа гэсэн” гэж MNBC компанийн Ж.Золбат гэж хүн хэлсэн байдаг. Мөн инженер “Манайхыг нээгээд өгөөч” гэж утасдахад “Манай захирлын тушаалаар танайхыг хаасан, захирлуудтай учраа ол” гэж байж. Тухайн үед сандарсан хүмүүс “яагаад ийм юм болов, юу болов” гээд утгаар л хандаж байгаа нь тэр. Ингэж чөлөөт хэвлэлд асар бүдүүлгээр хандсан.
Тодруулж хэлбэл, хууль бусаар Туулын бургасыг сүйтгэж, тайрч, устгаж, хувийн бизнесээ явуулж буй компанийн үйл ажиллагааг сурвалжилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийн хамаарал бүхий компанийн кабелийн телевизээс хууль бусаар хасчихаж байгаа юм. Энэ хасч буй үйлдэл нь ч бас хууль бус. ХХЗХ-ны бүх дүрэм журмуудыг зөрчиж байна. Одоо MNBC кабелийн телевизийг хаалгах хүртэл арга хэмжээг авч, тууштай тэмцэл явуулна. Ийм шударга бус зүйлтэй эвлэрэхгүй, тэвчихгүй. Би ТВ8 телевизийн хувьцаа эзэмшигч мөн ч дотоод үйл ажиллагаанд нь оролцоод байдаггүй. Гэхдээ энэ тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлж, Монгол улсад хууль байдаг юм бол хуулийн дагуу асуудал шийдэгдтэл оролцож явна, өөрөө сэтгүүлчийн ажлаа хийнэ, өөрөө очиж Туулын бургас яасан тухай ард түмэнд мэдээлнэ. Лайв ч хийнэ, сурвалжилга ч бэлдэнэ. Би өөрөө сэтгүүлч хүн. Сэтгүүлчийн ажлаа хийхэд хэн ч надад чөдөр, тушаа болох ёсгүй. Энийг би өөрийн биеэр харуулах ёстой гэж бодож байгаа.
“НАМАЙГ ОРОЛДООД БАЙХАД БИ ХААХГҮЙ ЯАХ ЮМ, ЧАДДАГ ЧАДДАГ ЮМАА Л ХИЙНЭ ШҮҮ ДЭЭ, МАНДАХ АА” ГЭЖ ХЭЛСЭН
-Хуучин удирдлагууд өргөдөл гомдол гаргаж явж байсан юм бол та хэзээнээс үүнд оролцох болсон юм бэ? Юу болсон процессыг дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Манайд ирэх ёстой бичиг баримт бүгд хуулийн дагуу шилжиж ирсэн. Үүний дараа Оюуны Ундраа группын эзэд, удирдлагуудын нэг С.Уламбаяртай уулзаад “Ийм маргаантай явж байсан юм байна, гэхдээ танай буруу, та хэтэрхий хүч хэрэглэж хаасан байна, одоо нээчих ээ” гэсэн. Бид хоорондоо ах дүүсийн сайхан харилцаатай хоёр жил болсон. Учир нь Оюуны Ундраа группын салбар компани болох MNBC кабелийн телевизийн байранд манай Zindaa.mn сайт, Өглөөний сонин, Зиндаа сэтгүүл гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань квадрат түрээслэн суудаг байлаа. Бид одоо тэндээсээ гарсан. Учир нь нөгөө л бургасны мэдээ манай сайт дээр гарсан. Гарсных нь дараа С.Уламбаяр гэж хүн бүр өөрөө ярьж дарамталж байж тэр мэдээнүүдийг устгуулж байсан. Би тэнд нь түрээслэн сууж байгаа учраас буруу харж уйлж, зөв харж инээж байж устгаж байв. Яг үнэндээ буруу зүйл хийсэн. Ингээд л “За цаашид ер нь иймэрхүү байдлаар дарамтанд орох юм байна” гэж үзээд тэр байрнаасаа гарах өргөдлөө өгсөн. Хүсэлтээ албан ёсоор гаргаж өгч нөгөө талын компани ч хүлээж аван, түрээсийн харилцаа дууслаа. Гэсэн ч би “Бургас тайрдаг чинь ч буруу, телевиз хаадаг чинь ч буруу” гэдгээ уулзах үедээ хэлэхэд над руу жаахан давшилсан өнгө аясаар “Хуцаад бай п…минь” гэх мэтээр хэлж байв. Миний хэрэглэсэн тэр муухай үгсийг энэ хүн өөрөө их чөлөөтэй хэрэглэдэг хүн шүү дээ. “Бацаан минь чи зүгээр байгаарай, наадах чинь техникийн шалтгаанаар хаагдсан” гэх мэтээр худал ярьсан. Харин жаахан аргадаад яриад ирэхээр “Намайг оролдоод байхад би хаахгүй яах юм, чаддаг чаддаг юмаа л хийнэ шүү дээ, Мандах аа” гэж хэлсэн. Би энэ хүмүүс шиг тэгж хэлсэн, ярьсан бичлэгийг нь хийж авсангүй ээ, үнэндээ.
Би ч “За, та өмнөх удирдлагуудтай ийм маргаантай байсан юм байна, одоо үүнийгээ больчих, бид нэг хоногийн өмнө ч гэсэн телевизийнхээ эфирийг нээлгэж байх нь хэрэгтэй байна. Тиймээс би ХХЗХ-нд өгсөн гомдлоо татъя, Прокурорт өгсөн зөрчлийн хэргийг хаалгая, хэдийгээр бид буруугүй, хууль бус үйлдэл хийгээгүй ч үүн дээр бид буулт хийе, ах та нээгээд өгчих” гэсэн. Би энэ тухайгаа мөн С.Амарсайхан руу мессэж бичин учирлав. “Би ТВ8 телевизийг авсан. Та нар энэ телевизийг хаасан асуудлаа С.Уламбаяр ахад хэлж өгөөч ээ” гэсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Оюуны Ундраа группын ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, эздийнх нь нэг, С.Уламбаярын дүү шүү дээ. С.Амарсайхан бид хоёр ний нуугүй хэлэхэд найз нөхдийн харилцаатай, олон жил бие биедээ тусалж дэмжих, найз нөхдийн журмаар уулзаж учирч явдаг хүмүүс. Гэтэл уг асуудалд Хотын даргын хувьд ч тэр, найзын хувьд ч тэр, бизнесийн ёс зүйн хувьд ч тэр хүлээж авсангүй. Бид арга мухардсан. Эфир хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор манай хуульч, ерөнхий менежер, ТВ8 телевизийн гүйцэтгэх захирал зэрэг хүмүүс бүх талаар энэ хүмүүсийг гуйж гувшсан. Сүүлдээ бид өөрсдөө хууль зөрччихсөн мэт нөхцөл байдалд орчихож байгаа юм. Хамгийн сүүлийн өдөр тэр зүй бус хэллэгтэй үг хэлж утсаар ярьсан байдаг. Тэр үед би эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд өглөө нь Тост, Тосон бумбын нурууны тэмцэл, сэтгүүлчийн ажлаа хийж буйтай минь холбоотой дарамтууд ирсэн тул нервтэй байсан. Ингээд С.Уламбаяр ах руу дахин ярьж “Ахаа та нээгээд өгөөч, наад хүмүүс чинь нээж өгөхгүй байна шүү дээ, худлаа ярьж өдөр хоног хожоод яваад байна аа” гэхэд “Үгүй шүү дээ, ахад нь ямар ч асуудал байхгүй, би чамайг орой очиж эргэнэ, хоёулаа ярих хөөрөх юм ч байна. Би Золбат руу хэлье” л гэсэн. Ингээд ахыг MNBC телевизийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Золбат руу яриарай гэсний дагуу, өөрийн компанийн Гүйцэтгэх захирал руу ярьж, С.Уламбаяр ахын хариуг дуулгаад, Ж.Золбат руу ярихыг хэлсэн. Гүйцэтгэх захирлыг Ж.Золбат руу ярихад өөдөөс нь “Хоёр төрлийн шаардлага тавина. Нэгдүгээрт, та нар бүх гомдлоо тат гэсэн байгаа юм. Бид л хууль бус зүйл хийчихсэн шиг ийм юм болж байгаа юм шүү дээ. Гомдлоо татсаны чинь дараа хэдүүлээ уулзъя. Ингээд хамтран ажиллах буюу эвлэрлийн гэрээ байгуулна. Хоёрдугаарт, та нар залруулга хий” гэсэн. Юун залруулга хийлгэх гээд байгааг лавлахад нь “Техникийн шалтгаанаар энэ телевиз гарахгүй болсон гэж мэдэгдээд байхад та нар бургасны мэдээ цацсанаас болж Оюуны Ундраа групп телевизийн эфир хаасан мэтээр мэдээлсэн. Үүнийгээ залруулахгүй бол манай захирлууд уурлаад байна” гэсэн байгаа юм. Энэ тухай Гүйцэтгэх захирал над руу утасдаж хэлэв. Ахиад л би хуульч руугаа залгаж, учрыг нь олохыг хүссэн. Энэ үедээ ч нэлээд бухимдалтай л байлаа. Хуульч маань тус компанийн хуульчтай ярьж, ерөнхий утгаараа хаалтын гэрээ хүсч байгааг нь ойлгосон. Хаалтын гэрээ гэдэг нь “Оюуны Ундраа группын охин компани бөгөөд удирдлагуудын талаар дахин ямар нэгэн сөрөг мэдээлэл нийтлэхгүй байх. Хоёрдугаарт ТВ8 телевизээр залруулга явуулах. Гуравдугаарт, энийг хийсэн сэтгүүлчээрээ биднээс уучлалт гуйлга гэсэн шаардлага хэллээ. Ингээд л би “тэсэрсэн”. Хамгийн сүүлийн арга хэмжээгээ авахаар Ж.Золбат руу залгаж эхлээд тайван зөөлөн ярьж байгаад, сүүлдээ хяналтаа алдсан. Би өөрийнхөө энэ үйлдлийг зөвтгөж байгаа юм биш. Миний энэ үйлдэл тусдаа. Монголд хууль бус зүйл хийгээд сурчихсан, бусдыг дээрэлхэж доромжлоод сурчихсан, хуулийг уландаа гишгээд сурчихсан хүмүүс өнөөдөр төрд, бизнест үйл ажиллагаа явуулж иргэдийг, хэвлэл мэдээллийн хэрэгслийг, байгаль орчныг хохироож байна. Ийм хулгайч, луйварчин хүмүүсийн эсрэг хатуу тэмцэнэ.
БИ АРЬСАА ХАМГААЛААД ЁС БУС ҮГ ХЭЛЛЭГТЭЙ ЯРИАГАА ЦАЦУУЛАХГҮЙ, ҮГЭНД НЬ ОРЖ БОЛОХ БАЙСАН Ч ХҮСЭЭГҮЙ
-Техникийн шалтгаанаас болж ийм удаан хугацаанд тасрах боломж бий эсэхийг та судалж үзсэн үү?
-Энэ MNBC компанийн техникийн шалтгаантай гэдэг тайлбар бол тэнэг хүнд ч ойлгомжтой. Үүнийг техникийн наад захын мэдлэгтэй хүмүүс мэдэж байгаа. Хэрэв дахин дамжуулах станц дээр ямар нэгэн байдлаар гэмтэл гарсан бол нэгдүгээрт, ХХЗХ-той байгуулсан гэрээ, хүлээсэн үүргийнхээ дагуу ямар нэгэн байдлаар заавал дамжуулах үүрэгтэй. Үүргээ санаатай бөгөөд санамсаргүй биелүүлэхгүй байх нь энэ компанийн л асуудал. Үүнийг нь техникийн шалтгаантай эсэхийг ХХЗХ шүүхгүй, үүргээ биелүүлж байна уу, үгүй юу гэдэг дээр л хянах байх. Би ийм ойлголттой байгаа. ХХЗХ-ны мэргэжилтнүүд ч ийм мэдээллийг манай хуульчдад өгсөн. Хоёрдугаарт, дахин дамжуулалтын станцад техникийн асуудал гарлаа гэхэд энийг өөр тийш нь шилжүүлээд, нэг өдрийн дотор л буцаагаад дамжуулах бүрэн боломжтой гэдгийг тодорхой эх сурвалжууд хэлж байна.
–Та ийм бичлэг байгаа гэдгийг өмнө мэдсэн үү?
-Ингэж л хууль бус үйлдлийнхээ араас миний алдааг, зүй бус үг хэллэгийг минь ашиглаж биднийг мохоох, чимээгүй болгох, эрхэндээ оруулахаар зүтгэж байгаа юм. Хувь хүнийхээ хувьд муухай үг хэллэг хэлж, сошиалаар цацагдсанд харамсаж байгаа. Гэхдээ урд нь би нэг удаа алдсан. С.Уламбаяр гэдэг хүний үгэнд орж сэтгүүлчдийнхээ бэлтгэсэн бургасны тухай мэдээг устгаж байсан. Би энэ хүмүүсийн шантаажинд орж, хууль бусаар бургас тайрж байсан үйлдлийг нь хаацайлсан нь миний хамгийн харамсалтай алдаа. Дахиад би ийм алдаа гаргамааргүй байна. С.Уламбаяр намайг дарамталж байсан мессежүүд нь бий. “Чамайг хачин болгоно, чиний бичлэгийг манай хүн хийгээд авчихсан байгаа. Чамайг хэн ч биш болгоно, сошиалаар цацна” гэх утга бүхий. Би үнэний талд өөрөө зогсож чадахгүй бол болохгүй юм байна, өөрийнхөө нэр нүүрийг бодоод, тэр муухай үгсээ олон нийтэд мэдэгдүүлэхгүй гэж муу муухайг нууж болохгүй юм байна гэдэг үүднээс “Цацаа цац, хэрэв та нар хууль ёсны дагуу ТВ8 телевизийг нээж өгөхгүй бол бид байж болох бүх арга хэмжээг авна” гэснээр уг үйл явдал өрнөж байгаа юм.
Гэхдээ бид хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргээ гүйцэтгэсэн хэвээр байна, цаашид ч гүйцэтгэнэ. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дөрөв дэх засаглал ийм л шантаажин доор явж байгаа. Наад хүмүүс чинь надаас “Оюуны Ундраа группын удирдлагуудыг бүх насаараа муулахгүй байх хаалтын гэрээ” шаардсан. Тэр гэрээ нь хугацаагүй. Ийм даварчихсан. Оюуны Ундраа группын хууль бус зүйлсийг бид харсан ч хараагүй юм шиг өнгөрөх нь байна шүү дээ. Ийм зүйл рүү хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид маань бүү яваарай. Үүний төлөө бүгдээрээ нийлж нэгдэж тэмцье гэж уриалъя.
-Хэрхэн тэмцэнэ гэж?
-Нэг зүйлийг хариуцлагатай хэлье. Яг одоо би Өмнөговь аймгийн Ноён суманд Тост, Тосон бумбад үйл ажиллагаа явуулж буй “Саус Гоби Коал Транс” компанийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжлахаар сайн дурын сэтгүүлчдийн багтай явж байна. Би очингуутаа тэр бургасны мэдээг өөрийн биеэр сурвалжилна. Тэр бургасыг яаж тайрсан юм, урд нь ямар байсан юм гэдэг учрыг заавал олно. Хоёрдугаарт, миний санахаар Zindaa.mn сайт дээр учирсан хор хохирлыг БОАЖЯ-наас тодорхой хэмжээнд үнэлэн 14 тэрбум гэж тогтоож байсан тухай мэдээлсэн нь бий . Хэрэв тийм бол энэ үнэлгээг хэрхэн гаргаж байсан юм, энэ хохирлыг төлүүлэх ёстой. Хотын даргын ахын компани гэдэг нь үнэн шүү дээ. Одоо өөр хүний нэр дээр хувьцаагаа шилжүүлчихсэн ч эзэн нь С.Уламбаяр гэдэг хүн мөн шүү дээ. “Зүүнбаян рефайнери” ХХК бургасыг нь сүйтгэсэн талбайгаасаа дутуу барьсан барилгуудаа буулгаж чөлөөлөх ёстой. Тэрний төлөө бид тэмцэнэ, хэвлэл мэдээллэл үүний ард гарна. Хоёрдугаарт, тэр хядсан бургасаа нөхөн төлжүүлэх ёстой. Гуравдугаарт, улсаар үнэлүүлсэн хохирлын нөхөн төлбөрийг төлөх ёстой. Монгол улс хуультай орон юм бол, үүнийг л харъя. Ийм хуулийг биелүүлж чадахгүй хотын даргатай юм бол энэ улс яаж хөгжих юм, бид юунд итгэх юм.
Мөн MNBC гэж энэ кабелийн телевизийг яг одоогийн дүрэм, журмын хүрээнд хаах нөхцөл байдал үүссэн байгаа. Үйл ажиллагааг нь зогсоох буюу тусгай зөвшөөрлийг нь цуцлах хуулийн орчин бий. Үүнийг ХХЗХ яаж шийдэхийг одоо харъя. Бид өргөн нэвтрүүлгийн телевизийн хувьд үүссэн нөхцөл байдлыг өөрсдөд нь тавина. Ингээд хуулийг хэн биелүүлж байна вэ гэдгийг хараад, мэдээллээд явчихна.
ТЭД ӨНӨӨДӨР ТВ8 ТЕЛЕВИЗИЙН ЭФИРИЙГ ХААЖ ЧАДСАН ЮМ ЧИНЬ МАРГААШ ТАНАЙХЫГ Ч ХААЖ ЧАДНА
-Та уг бичлэгийн үеэр 16 телевизээр мэдэгдэл гаргуулна гэх утга бүхий зүйл хэлсэн. Үүнээс харахад 16 телевизийг “гартаа атгасан” мэт ойлгогдож байна шүү дээ?
-Надад ТВ8 телевизийн хувьцаа шилжиж ирэхээс өмнө тухайн үеийн удирдлага нь Телевизийн холбоонд “хохирч буй тухай хүсэлт”-ээ гаргахад, удирдлагын түвшинд “Хэрэв телевизийн эфирийг нээхгүй бол 16 өргөн нэвтрүүлгийн телевиз бүгдээрээ нэгдэн, эфирээ татах хэмжээнд тэмцэл өрнүүлж, тэмцэнэ” гэдэг зүйл яригдсан байдаг. Ингэж ярьсан тухай надад тухайн үеийн гүйцэтгэх удирдлагууд хэлсэн. Тэр үед нь би “Уучлаарай, түр хүлээгээч ээ, би яг үнэнийг хэлэхэд С.Уламбаяр ахтай хоёр жилийн хугацаанд ах дүү гээд байнга уулзаж учраад явж байсан. Нөгөө талд С.Амарсайхан бид хоёр найз нөхдийн харилцаатай учраас ийм зарчмаар явмааргүй байна” гэсэн. Энэ ч буруу байж. Зүй ёсных нь шаардлагыг хойшлуулаад, 16 телевиз татах асуудлыг саармагжуулсан. Үүнийгээ л бухимдсан хүн илэрхийлэхдээ их товч утгаар хэлж, тэр телевизүүдийг удирддаг, “баздаг”, “хөдөлгөдөг” юм шиг уур амьсгал төрүүлсэн. Үүнийхээ төлөө би бусад телевизийн удирдлагууд, сэтгүүлчид, салбарын хамт олноосоо хүлцэл өчье.
-Тэгвэл ХХЗХ-ны Г.Чинзориг руу одоо ярих уу, хэн нь хөдөлгөж чадах вэ, үзэх үү гэх мэтээр авирлаж байсныг юу гэж тайлбарлах вэ?
-С.Уламбаяр ахад би “Та ХХЗХ-нд ч юм уу нөлөөлөөд хууль бус дүгнэлт гаргуулаад ялчихна гэж битгий буруу ойлгоорой. ХХЗХ тийм нөлөөлөлд автахгүй” гэж өмнө нь ярьж байсан. Уурласан хүн санаанд байсан бүхнээ л ярьж байгаа юм. Ер нь хууль зөрчсөн нь Мандахбаяр юмуу ТВ8 телевиз биш, MNBC компани. Тиймээс ч ХХЗХ-нд ямар нэгэн нөлөөлөл орохгүй гэдэг итгэл үнэмшлээ илэрхийлэхдээ огцом түргэн, уурлаж бухимдсан байдалтайгаар хашгирч хэлсэн нь тэр. Энэ салбарт ийм л дарангуйлал байгаа, энэ бол наад захын жишээ. Энэ байтугай луйвар, булхай хийсэн хүмүүс сэтгүүлчдийн амыг мөнгөөр эсвэл ийм шантаажаар “үдэж” байгаа.
Одоо Тост Тосон бумын тухай бичээд эхлэхэд хүртэл манай салбар дотроос өөрсдөө над руу дайрч эхэлж байна. Тосон бумыг эзэмшиж байгаа эзэд цаанаа бас л тодорхой хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг. Тухайлбал, Тосон бумын нуруунд хууль бус үйл ажиллагаа, олборлолт явуулж байгаа “Саус Гоби Коал Транс” компанийн 50 хувь нь Б.Чойжилсүрэн гишүүний хамааралтай. Өөрийнх нь нэр дээр байж байгаад өөр хүмүүст шилжсэн. Энэ асуудлыг ярьж хэлж байгаагийн төлөө надтай хамгийн их “хөөцөлдөж” байгаа хүн бол Б.Чойжилсүрэн. Хэвлэл мэдээллийн зарим хүмүүсээр надад “больчихооч” хэмээн хэлүүлж байна.
Мөн Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хамаарал бүхий этгээд “Саус Гоби Коал Транс” компанийн 50 хувийг Ч.Орхон гэдэг хүний нэр дээр эзэмшиж байгаа. Худалдаа хөгжлийн банк бол Bloomberg TV, Засгийн газрын мэдээ сонин гэх мэт хэвлэлүүдтэй холбоотой. Ний нуугүй хэлэхэд өөр маш олон хэвлэлүүдтэй гэрээлж байгаа учраас шууд хамааралтай. Тиймээс ч яг миний энэ алдаан дээр дөрөөлж, чөлөөт сэтгүүлзүйг хамгаалахын оронд сэтгүүлчид өөрсдөө Мандахбаяр руу дайрж, түүнийг муухай харагдуулах мэдээллүүд гаргаж байна. Би үүнд эмзэглэхгүй байна. Гэхдээ сэтгүүлчдэд ганц л зүйл захья. Өнөөдөр ТВ8 телевизийг хааж чадаж байгаа бол маргааш та нарыг хаана. Өнөөдөр Zindaa.mn сайтыг ингэж доромжилж, шантаажилж чадаж байна. Маргааш та нарыг шантаажилна. Энэ шантааж, энэ дарамт хэзээ ч дуусахгүй. Үүнийг л бүгдээрээ ойлгоё.
ҮҮСЭЭД БУЙ УГ АСУУДАЛ МСНЭ-ИЙН АЖИЛ ХОЁР ТУСДАА
-Та сэтгүүлчдийг төлөөлдөг хүн, ийм асуудалд холбогдож болох уу?
-Мандахбаяр муухай харагдах яах вэ. Би МСНЭ-ийн Ерөнхийлөгч байлаа гээд хувийн бизнесээ зүгээр л дээрэмдүүлээд, хууль бус зүйлийг хүлээн зөвшөөрөөд явж чадахгүй. Хууль бусын хажуугаар би зүгээр явж чадахгүй. Би МСНЭ-ийн Ерөнхийлөгч байлаа гээд хэн нэгэн сэтгүүлч эсвэл сэтгүүлчийн нэр зүүсэн хүн намайг шантаажлаад байхаар өөрийн зорьсон ажил, хүлээсэн үүргээсээ буцдаг юм биш. Энэ бол тусдаа асуудал. Мандахбаяр гэдэг хүний храктер ч тусдаа асуудал. ТВ8 телевизийг хаасан, байгаль орчин сүйтгэсэн бүх асуудлууд тусдаа. МСНЭ-ийн ажил ч тусдаа асуудал. Энэ бүхнийг эрүүл саруул ухаанаар ялгаж салгаж ойлгоосой гэж хүсье.
Undesten.mn сайт дээр гарсан мэдээллийн яг надтай утсаар ярьсан хэсгийг таслаж аваад, хүмүүст сонсгоорой гэж тусгайлан хүсье. Ам алдвал барьж болдоггүй. Нэгэнтээ л би зүй бус үг хэллэгтэй яриа өрнүүлсэн. Гэхдээ агуулгын хувьд чухам юу болсон юм бэ гэдгийг хүмүүс ойлгоно. Би тэгж бичиж байна ч гэж бодсонгүй. Зориуд намайг ийм зүйл рүү хөтөлж оруулсныг би сүүлд л ойлголоо. “Наадахаа уурлуул, бичээд ав” гэх анхнаасаа зохион байгуулалттай зүйл рүү “гулгаж” орсон юм билээ. Нэгэнт хэлчихсэн, гэхдээ үүгээрээ бахархаад байгаа ч юм биш. Би бууж өгөхгүй. Хэдий харамсаж байгаа ч зогсох эрх байхгүй, тууштай явна. Үүнийг хийлээ гээд ямар нэгэн байдлаар дахиад дарамт шахалт ирвэл би бүгдийг нь зарлана. Хэн нэгэн улс төрч, эрх мэдэлтэн оролцох гэж оролдвол би бүгдийг нь хэлнэ. Ингэж тодорхой хэмжээнд “цөс” гаргаж байж, магадгүй заримдаа “п…, л…” гэсэн үгсийг хэлж байж тэдэнтэй тэмцэхгүй бол энэ бугшсан нийгэмд яг үнэндээ надад өөр гарц алга байна. Би С.Амарсайханд, С.Уламбаярт, Б.Чойжилсүрэн, Д.Эрдэнэбилэгт нүд рүү нь харж байгаад нүүрэн дээр нь “п…, л…” гэх үгсийг хэлмээр байна, ичихгүй. Гэхдээ дахиад санаатай болон санамсаргүй байдлаар сошиал сүлжээнд, олон нийтэд тиймэрхүү байдлаар ёс бус үг хэллэг ашигласан яриа хүргэхгүй байхыг хичээнэ ээ. Харин ийм новшнуудтай эцсийг нь хүртэл үзэлцэнэ гэдгээ хатуу хэлье. Миний яриаг битгий хасаарай, энэ чигээр нь бичээрэй.
-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Би гурав хоногийн дараа очоод Нийслэл ЗДТГ-ын үүдэнд тэмцлээ эхлүүлнэ, хэвлэлийн хурал хийнэ. Сэтгүүлчдэд мэдээлнэ, ирэх нь ирэг, ирэхгүй нь болиг. Ингэлээ гээд би шантааж хийж байгаа юм биш. Би сэтгүүлчдэд хандахгүй бол өөр хэнд хандах юм бэ. Би өөрөө сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн хүн. Би үнэний төлөө хэдэн сэтгүүлчиддээ энэ асуудлыг тайлбарлахгүй бол өөр хэнд хандах юм бэ гэж давтан хэлье. Харин ч ил тод хандана, өөрийнхөө биеэр мэдээлэл хийнэ, надад ичих, айх зүйл алга. Бургасны мэдээгээ ч ахин бэлдэнэ, уг мухраар нь бэлдэнэ. Энэ салбарт 22 жил ажилласан хүний хувьд яаж энэ хүмүүс хуулийг уландаа гишгэж буйг уг үндсээр нь гаргана.
Бас нэг зүйл нэмье. Энд томилолтоор явж байгаад Оюуны Ундраа группын талаар бас нэгэн мэдээлэл олж мэдсэн. Яасан ч хүрээ, цараатай ажилладаг газар юм. Гурван тэс суманд шинэ уурхай нээлгэхгүй, Тост Тосон бумбынхаа сав газрыг ухуулахгүй гэсэн байтал Оюуны Ундраа компанийн харьяанд “Хайрхан толгой” гэдэг компани бас уурхай нээчихсэн байх юм. Хятад, Монгол эзэнтэй байж байгаад хоорондоо хөрөнгийн маргаан үүсээд, шүүх цагдаа болчихсон байна. Энэ мэт бүх хууль бус үйл ажиллагаатай тэмцэнэ. Тиймээс надаас ямар нэгэн байдлаар хууль бус зүйл шаард, намайг айлгаж дарамтлах гэж битгий оролд, айлгаж дарамтлах гэж оролдсон бүх хүний нэрийг олон нийтэд нэрлээд явна. Надад авлига, хээл хахууль, албан тушаал, ашиг сонирхлын ямар нэгэн түүх байхгүй. Харин надад өр ширэнд ороод бизнесийн хувьд зовлон үзэж явсан залуу насны түүх бий. Аагархаж, омгорхож явж байхдаа Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, өр ширэнд орж түүнийгээ төлөхийн төлөө зургаан жил махаа идэж явсан хүн. Шоронд орохоос наахнуур хонож явсан хүн, мөнгөний үнэ цэнийг, мөнгийг зөв олох ёстой, зөв зарцуулах ёстой гэдгийг ойлгосон хүн. Би хэзээ ч энэ хүмүүс шиг бүхнийг мөнгөөр худалдаж авах гэж чичрэхгүй. Тиймээс би өөрт байгаа бүх боломж, нөөцөөрөө, хөрөнгө санхүүгээрээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ, оюун санааны хувьд зүрх зоригоо гаргаж тэмцэнэ. Тэдний шантааж зогсохгүй. Гэхдээ би шантаажчин биш, тэд л шантаажчин. Тэдний гар хөл болж, сэтгүүлч гэдэг нэрийг барьж яваа тэр хүмүүс л шантаажчин. Би тэглээ гээд зогсох хүн биш. Тэмцэнэ.
Эх сурвалж: isee.mn