Сингапурын Гран При автомашины уралдаан дан ганц спортын тэмцээн бус, хотоос давсан бүс нутгийн аялал жуулчлалын өсөлтийн түлхүүр болон хувирч байна. Жил бүр Марина Бэй орчимд болдог энэ шөнийн уралдаан тансаг зочид буудлуудаас эхлээд дэлгүүр, ресторан, аяллын компаниудад хүртэл томоохон орлого, эрэлт авчирдаг болжээ.
2025 оны уралдааны үеэр Сингапур руу ирэх гэр бүлтэй жуулчдын тоо 6.6 хувиар нэмэгдсэн бол ганцаараа аялж буй жуулчдын тоо 8 хувиар буурсан байна. Энэ нь илүү төлөвлөгөөтэй, олон хоног үргэлжлэх аялалд эрэлтийг нэмэгдүүлж буйг харуулж байгаа юм. Hilton зочид буудлын сүлжээнд бүртгэлтэй үнэнч хэрэглэгчид зургаан төрлийн Гран При багцад нийт 9 сая гаруй оноогоо зарцуулсан нь өмнөх онд бичигдсэн үзүүлэлтээс 23 хувиар өссөн дүн ажээ.
Гэвч уралдаан зөвхөн Сингапурт л үр өгөөжөө өгч буй хэрэг биш. Аялал жуулчлалын кампанит ажлууд бүс нутгийн хязгаар давах хандлагатай болсноор Америк, Канадын жуулчдын 25 хувь нь Сингапураар дайран Япон руу, Австраличуудын гуравны нэг нь Бали руу, харин Европын жуулчдын 18 хувь нь Тайланд руу хосолсон аяллаар явж байгаа нь Sojern компанийн судалгаагаар батлагдсан байна. Ингэснээр Формула-1-ийн уралдаан бүс нутгийн жуулчдыг татах хүч болсныг харуулж байна.
Үүнээс гадна, тэмцээний дараах Token2049 крипто хурал, Milken Institute-ийн Ази тивийн дээд хэмжээний уулзалт зэрэг арга хэмжээнд олон улсын бизнес эрхлэгчид идэвхтэй оролцож байгаа нь Сингапурыг зөвхөн аялал жуулчлал биш харин санхүү, технологийн чөлөөт бүс болгоход хувь нэмэр оруулж буй. Visa корпорацийн тайлангаас үзэхэд, Формула-1 шиг олон улсын спортын үйл явдлууд хотуудын зах хязгаараас давсан аяллын урсгалыг бий болгож, орон нутгийн эдийн засагт үр өгөөжтэй болж буйг онцолсон байна.
Түүнчлэн Сингапурын Үндэсний Их Сургуулийн судлаач Самер Элхаджар тэмдэглэхдээ, жуулчид Сингапурт ирж уралдаан үзсэний дараа Бали шиг ойролцоох аяллын чиглэлүүдэд хоёр гурван өдрийн аялал хийдэг хандлага нэмэгдэж буй нь бүс нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа гэжээ. Тэрбээр мөн уралдааны онцгой шинэчлэлүүд, хөтөлбөрүүд нь аялагчдын Сингапур дахь хоноглох хугацааг уртасгаж, зочид буудал, хүнсний үйлчилгээний салбарт жинтэй нэмэр болж байгааг онцолсон байна.

