Канье Уэст буюу YE-ийн Төв Азид хийсэн анхны бие даасан тоглолт Алматы хотын аялал жуулчлалын салбарт ойролцоогоор таван тэрбум тэнгэ буюу 11 сая ам.долларын орлого оруулжээ. Наймдугаар сарын 15-нд Алматыгийн төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтыг 31 мянган хүн үзсэний 7700 орчим нь дэлхийн 50 гаруй улсаас ирсэн гадаадын жуулчид байсныг “The Astana Times” мэдээлсэн байна.
Алматы хотын Аялал жуулчлалын газрын мэдээлснээр наймдугаар сарын 13-16-ны хооронд зочид буудлын эрэлт эрс нэмэгдэж, өрөө дүүргэлтийн дундаж түвшин 98 орчим хувьд хүрсэн байна. Мөн тоглолт болсон өдөр арга хэмжээний талбайд 4400 гаруй хүн ажиллажээ.
Канье Уэст зэрэг дэлхийн оддын тоглолтын эдийн засгийн үр өгөөж нь Казахстаныг олон улсын энтертайнмент аялал жуулчлалын шинэ чиглэл болгон таниулахад чухал нөлөө үзүүлж байна. Тухайлбал: 2025 оны наймдугаар сард Женнифер Лопезийн Казахстанд хийсэн анхны тоглолт Алматы хотод нийт 10 тэрбум орчим тэнгэ буюу 21 сая ам.долларын эдийн засгийн эргэлт бий болгожээ.
Мөн 2025 оны есдүгээр сард “Backstreet Boys” хамтлаг Алматы болон Астана хотод тоглолтоо хийсэн юм. “Tengri News”-ийн мэдээлснээр зөвхөн Астанад хийсэн тоглолт тус улсын эдийн засагт 7.8 тэрбум тэнгэ буюу 17.1 сая ам.долларын орлого оруулсан тооцоолол гарсан байна.

