Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын Бага хурлыг ахлан оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ази тивийн орнуудын эдийн засагт тулгамдаж буй нэн чухал асуудлыг хэлэлцдэг, бүс нутгийн нөлөө бүхий улс орнуудын төлөөлөл уригдан оролцдог, олон улсын нэр хүндтэй эрдэмтэн, шинжээчид, хувийн хэвшлийн томоохон төлөөлөл нэгэн дээвэр дор цугладаг индэр болсон Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах нэр хүндтэй завшаан тохиож буйд баяртай байгаагаа илэрхийлэн, Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун тус бага хуралд өөрийн биеэр оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.
Тэрээр энэ удаагийн Улаанбаатарын Бага хурлаар Ази тивийн орнуудын эдийн засгийн хөгжилтэй холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхээс гадна Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн цаашдын төлөв байдал, бизнесийн боломж орчин нөхцлийн талаар олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулга хийхээр төлөвлөснийг дурдаад энэхүү бага хурал нь Монгол Улсыг гадаадад таниулах томоохон боломж болно гэдэгт итгэлтэй байгааг онцоллоо.
Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Азийн төлөөх Боао форумын энэ удаагийн Бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам дэмжин зохион байгуулахаар болсонд баяр хүргэж, бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Тэрээр дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн өмнө тулгарч буй сорилт, боломжуудыг олж илрүүлэх, тодорхой шийдлүүдийг санал болгоход энэ удаагийн бага хурлын үндсэн зорилго оршиж буйг тэмдэглэв.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам