Мөн тэрбээр АНУ-ын Батлан хамгаалах хоёрдугаар шугамтай хамтарч хууль бус цацрагийн хөдөлгөөнийг хянах мониториудыг Монгол Улсын хилийн боомтууд дээр суулгасан гэдгийг сануулж байгаа юм
ОХУ-ын Архангельск мужийн Нёнокса суурины ойролцоо энэ сарын 8-нд томоохон осол болсон. Тодруулбал, тус мужид орших цэргийн баазад пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр хөдөлгүүрт гал гарч, улмаар дэлбэрэлт болсны улмаас цөмийн эрчим хүчний таван мэргэжилтэн нь амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон.
Тэгвэл энэхүү ослоос үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн тухай олон улсын мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн мэдээлэл цацаж тэр ч бүү хэл дэлбэрэлтийн улмаас цацрагт идэвхит бодистой үүл салхины чиглэлийн дагуу Төв Ази, Монгол руу нүүн орж ирж байна хэмээн бичиж байгаа. Тэгвэл Цөмийн Энергийн газрын дарга асан, PhD Candidate Н.Тэгшбаяр энэ талаар албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр, энэ асуудал дээр иргэд тайван байж болно. Хэдийгээр ОХУ-ын Архангельск мужийн Нёнокса суурины ойролцоо болсон ослоос үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл ихээхэн цацагдаж байгаа ч албан ёсны эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн бүс нутгийн цацрагийн хэмжээ хэвийн байгаа гэсэн. Түүнчлэн ОХУ-ын ус цаг уур, хүрээлэн буй орчны мониторингийн хүрээлэнгийн (РОСГИДРОМЕТ) мэдээлснээр осол болсон өдрийн 12:30 цагт тус мужийн Северодвинск хотын 8 ширхэг хэмжилтийн пунктээс 6-д цацрагийн хэмжээ дэвсгэр төвшнөөс 4-16 дахин ихэссэн ч 2:30 цагт 0,13-0,16 мкЗв/ц хүртэл буусан байна. Сонирхуулахад уг хотын цацрагийн дэвсгэр төвшин 0,11 мкЗв/ц юм.
Түүнчлэн ОХУ-ын Архангельск мужийн Онцгой байдлын газраас Нёнокса суурины ойр орчмоос авсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийхэд альфа, бета бөөм болон гамма цацрагийн тун байгалийн дэвсгэр төвшнөөс даваагүй болохыг мэдээлжээ (МЧС России по Архангельской обл.). ОХУ ын нутаг дэвсгэр дэх цацрагийн хяналтын автоматжуулсан системүүдийн одоогийн заалтуудтай http://egasmro.ru/ru/ холбоосоор орж танилцаж болно” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр АНУ-ын Батлан хамгаалах хоёрдугаар шугамтай хамтарч хууль бус цацрагийн хөдөлгөөнийг хянах мониториудыг Монгол Улсын хилийн боомтууд дээр суулгасан. Үнэхээр хил орчимд зөвшөөрөгдөх хэмээнээс их цацрагийн тун ажиглагдвал мэдрэх учиртай гэдгийг ч онцолж байсан юм.
Дашрамд мэдээлэхэд Н.Тэгшбаяр сүүлийн жилүүдэд ундны усан дахь ураны агуулгыг стандартаар тогтоох томоохон эрдмийн бүтээл дээр ажиллаж буй бөгөөд мөн энэ чиглэлийн томоохон сэтгүүлүүд дээр түүний бичсэн энэ талаарх нийтлэлийг гаргаад байгаа юм.