Дайнд оролцсон ахмад дайчид аа!
Улаанбаатар хотын нийт иргэд ээ!
Одоогоос 80 жилийн тэртээ ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалж Халхын голд дөрвөн сар гаран үргэлжилсэн хүнд амаргүй дайн байлдаанд ялалт байгуулсан түүхт их ойн баярын чин сэтгэлийн мэндийг өргөн дэвшүүлье.
Халхын голын 1939 оны байлдааны ялалт асар их үнээр олдсон бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалаад зогсохгүй Алс Дорнодод нүүрлэх байсан дэлхийн дайны аюулыг хязгаарлаж чадсанаараа түүхэн ач холбогдолтой юм. Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тулалдаж атга шороо, сөөм газрынхаа төлөө алтан амиа өргөсөн Монгол Зөвлөлтийн баатарлаг эрс, ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг бид үеийн үед мөнхөд дурсан санах болно. Энэхүү ялалт эв нэгдэл, дайчин нөхөрлөлийн хүч аугаа болохыг дэлхий дахинд батлан харуулж чадсан билээ.
Монголын ард түмэн дайнд мордсон цэрэг дайчдынхаа бат найдвартай ар тал болж төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж, уртасгасан цагаар ажиллан хот, хөдөөгүй бүх нийтээрээ байлдаж буй анги нэгтгэлүүдийг шаардлагатай бүхнээр тасралтгүй хангаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ялалтад хувь нэмрээ оруулсныг өдгөө бахархан тэмдэглэх учиртай.
Ахмад үеийнхний амиа дэвсэн байж олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүхэн сургамжийг үндэсний ой санамжинд хадгалан үлдэж, сахин хамгаалж байх үүрэг бидэнд оногдсон. Улс орныхоо хойч ирээдүй болсон өсвөр, залуу үеийг эх оронч үзэл санаагаар хүмүүжүүлж, их түүхээрээ бахархдаг, ахмад үеэ хүндэтгэдэг зөв иргэд болгон төлөвшүүлэхэд их ялалтын ойн баярын ач холбогдол оршиж байна.
Улс орны хөгжил дэвшил, өнөөгийн энх цагийг авчирхад үнэтэй хувь нэмрээ оруулсан Монгол, Оросын ард түмэн, ахмад дайчид Та бүхэнд Халхын голын 1939 оны байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Р.ДАГВА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН